"Нийгмээс дэмжлэг хүлээвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулна"

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Нүүрсний хулгайн асуудалд УИХ, Засгийн газар манлайлал үзүүлж ажиллах ёстой. Авлигын эсрэг хууль, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд өөрчлөлт хийх ажлын хэсэг байгууллаа. Засгийн газраас шууд гэрээ байгуулдаг асуудлыг ярилцсан. Томоохон бүтээн байгуулалтын асуудалд гэрээ байгуулахдаа УИХ-д оруулж ирж, шийдвэрлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэж үзсэн. Нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг бүлэг дэмжсэн. Ажлын хэсэг гаргаж, нэлээд сайжруулах зүйл байна.

Парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх гэдэгт Бүлэг санал нэгдсэн. Энэ сарын 4-нд эрдэм шинжилгээний хурал, 11-нд Үндэсний зөвшилцлийн чуулга уулзалт, хоёрдугаар сарын дундуур санал асуулга явуулна. Иргэд нийгмийн бухимдлын үндсэн шалтгаан, гарц шийдэлд дүгнэлт хийнэ. Үүнд үндэслээд парламентын тогтолцоог боловсронгуй болгох өөрчлөлт хийх үү гэдгийг ярина. Бүлгийн хурлаар олон нийтийн дэмжлэг байвал Үндсэн хуульд өөрчлөлт оруулна. Ерөнхий сайд, Бүлгийн гишүүд ийм байр суурьтай байна.

Үнийн өсөлттэй холбоотой асуудлыг бүлгийн гишүүд маш сайн ярьсан. Өнгөрсөн жил үнэ тогтворжуулах чиглэлээр олон шийдвэр гаргасан. Үүний үр дүн байгаа. Тухайлбал, АИ92 шатахууны үнийг барьж байгаа. Бодит үнээрээ явбал одоо байгаа үнэнээсээ 1100 төгрөгөөр нэмэгдэнэ. Цагаан будуу, элсэн чихэр, ургамлын тос гээд хэд хэдэн бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэсэн. Үүний үр дүн тодорхой хэмжээнд гарч байгаа. Ер нь бол импортоос гаралтай үнийн өсөлт байгаа. Тиймээс бид БНХАУ-тай хилээ нээх шаардлагатай байгаа. Хоёрдугаар сарын 9-өөс эхлэн БНХАУ агаарын хилээ нээнэ гэж байгаа. Сар шинээс эхлээд хоёр хэд хэдэн байнгын боомтыг нээх асуудлыг ярьж байгаа. Энэ бүхэн үнийн өсөлтөө хамгийн сайн нөлөө үзүүлнэ гэж үзсэн" гэлээ.