Шинэ халад, ширээний бүтээлэггүй яриа

Улсын хэмжээнд 207 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс Улаанбаатарт 131, хөдөө, орон нутагт 76 нь бий. Бүрэн зураглалаараа Монгол Улсын нийт хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг энэ тооны төвөөр дамжуулан хүргэж байна гэсэн үг. Тэдгээр төвд 3614 эрүүл мэндийн ажилтан ажиллаж буйгаас 1220 их эмч, 1193 нь сувилагч. Хүн амынхаа тоонд ногдох үзүүлэлтээр энэ нь хэтэрхий чамлалттай ч эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ “гал дуудах” хэмжээнд хүрчихгүй яваа нь мэдээж АСУУЛТ дагуулах сэдэв. Үүнд хариулт авахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн 25, орон нутгийн таван өрхийн эмнэлгийн төлөөлөл бүхий 30 эмчтэй уулзаж, зангиагүй яриа өрнүүлэв.

Долоо хоног бүрийн даваа гарагт салбар бүрийн төлөөлөлтэй санал солилцож дадсан Ерөнхий сайдын эл уулзалт эхнээсээ ямар нэгэн урьдчилж бэлдсэн сценарийн дагуу явсангүй. Индэр засч, түүнийг нь сайд, дарга гороолсонгүй. Эрхлэх асуудлынхаа хүрээнд сайд С.Чинзориг, хотын дарга Д.Сумъяабазар нар тэдэнтэй байлцав. Үндсэндээ “Шинэ халадаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгээ солиорой” гэсэн “алтан дүрэм” тэнд үйлчилсэнгүй. 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайдын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар богино танилцуулага хийв. Албан тушаалтан ярьсаар дуусах биш асуудлыг сонсох нь гол агуулга учраас товчхон танилцуулгын араас эмч нарын төлөөлөлд микрофон шилжлээ.

Хүний нөөцгүй болж эхэлсэн ХӨДӨӨ

Жилдээ хэд хэдэн хурал, зөвлөлгөөнд дүүрэг, хороо, аймаг, сумаа төлөөлж суудгийг эс тооцвол Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдтайгаа нүүр тулж уулзаад салбарынхаа жаргал, зовлонг ярих боломж эмч нарт байхгүй. Бараг боломжгүй. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүн, салбарын сайд, хотын дарга нарт дуулгах асуудал эмч нарт ганц нэгээр дутахгүй олон байсан бололтой. Зарим нь ч өөрсдөдөө тулгарч буй бэрхшээлийг түрүүчээсээ “уудалж” эхэллээ. 

Жишээ нь, Сэлэнгэ аймгийн “Хараа Мандал” өрхийн эмнэлгийн дарга О.Бүрэнжаргалын ярьсныг хүргэе. Уг өрхийн эмнэлэг нь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн таван төвийн нэг. Ойролцоогоор 22 мянган хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг ч хоёрхон эмчтэй. О.Бүрэнжаргал даргаас гадна тэтгэврийн насны нэг эмчтэй гэсэн үг. Хэвийн үйл ажиллагаа явуулахад дор хаяж дөрвөн их эмч, долоон сувилагчийн орон тоо шаардлагатай. Гэвч хөдөөг зорих мэргэжлийн боловсон хүчний нөөцгүйн улмаас 22 мянган хүний эрүүл мэндийн анхан тусламж үйлчилгээг хоёрхон хүн хариуцдаг нь хэтэрхий ахадсан үзүүлэлт.

Үүгээр зогсохгүй гурван өрхийн эмнэлэг нь дундаа нэг машинтай. Явахаасаа явахгүй нь их. Гэдэг нь ажлын шаардлагаар явах замдаа унтарчихана. Хол газар гэхээс алхах нь ажлын цагт хэмнэлттэй. Арга барахдаа О.Бүрэнжаргал хувийнхаа унаагаар амжуулах үе гардаг ч ажлын байраа эзгүй орхисон, ажил хийсэнгүй гэх шүүмжлэл ирэх нь энүүхэнд. Уг нь тэр өөрт байгаа боломжийнхоо хүрээнд улсын ажлыг хийж яваа нэгэн.

Архангай аймагт гэхэд өрхийн эмнэлгүүд хүний нөөцгүй болсныг “Мөнхжин” төвийн дарга Ж.Ариунаа хэлж байна. Улсын бодлого нь эмч нараа нарийн мэргэшүүлэхэд хэт чиглэснээс өрхийн эмнэлэгт ажиллах ерөнхий мэргэшлийнх нь олдохоо байсан гэнэ. Арай гэж сул орон тоонд нь хүн ирэхээр дандаа уламжлалтынх байдаг аж. Нийслэлтэй хил залгаа Төв аймагт ч хүний нөөц асуудал дагуулж эхэлснийг “Баруун Зуун мод”-ийн дарга Б.Энхжаргал учирлав. 

Хот газартай ойр ч хүний нөөцийн бодлогогүй, сонгуулийн цикл дагаж өөрчлөгддөг. Эрүүл мэндийн газрын дарга нь сайдынхаа тушаалыг биелүүлдэггүй. Өрхийн эрүүл мэндийн төв нь өөрийн гэсэн байргүй. Цагдаа, багийн Засаг даргатайгаа нэг дор цогцолбор байдлаар үйл ажиллагаа явуулдаг нь наад захын стандартад нийцдэггүй зэргээр нэмж тодотгов. Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдад ийн дайсан үгийнхээ араас “Аймагтаа очоод ажлаа өгье” хэмээх өгүүлбэрийг залгуулж ч амжих нь тэр. Аргаа барсан хүний л үг.

“Эмч мэргэжлээр төгссөн залуучууд ирдэг ч ажлын ачаалал их, цалин тааруугаас хэдхэн сар ажиллаад явчихдаг. Гадаад явсан нь дээр юм байна гэж ярьдаг. Тэднийг ирэхэд орон байраар хангахаас эхлээд нийгмийн асуудлыг шийдэх үүргээ орон нутагт огт биелүүлэхгүй байна. Нийгмийн эрүүл мэндийн асуудал ганц эрүүл мэндийн салбарт хамаатай биш. Салбар дундын зохицуулалттай, хамтарч хэрэгжүүлж үр дүнд хүрэх ёстой гэдэг талаас нь анхаарч өгнө үү” гэсэн Дархан-Уул аймгийн аймгийг төлөөлж ирсэн Нямсүрэнгийг хэлсэн үг үнэнээс тийм ч хол зөрсөн тодотгол биш юм.

“Е-hospital.mn” хэмээх ТУШАА

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилтийн 93 хувийг төсвөөс нэг иргэнээр тооцож авдаг. Үлдсэн долоон хувийг буюу иргэдэд өдрөөр, гэрээр, сэргээн засах, оношилгоо, шинжилгээний тусламж үзүүлсний зардлын хүрээнд Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг. Эл салбарт хэрэгжүүлж эхэлсэн тодорхой шинэчлэл, өөрчлөлтийн дагуу гүйцэтгэлээр цалинждаг болсноор дундаж цалин нь бусдаасаа 800 мянгаар илүү буюу 2.3 сая төгрөгийг зөвхөн өнгөрсөн онд авчээ. 

Цаашид гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог илүү ил тод болгох, тарифыг шинэчлэх, цахимжилтын асуудалд онцгой анхаарахаа сайд С.Чинзориг онцолсон ч бодит байдал арай өөр дүр зурагтай буйг эмч нарын ярианаас харж болохоор. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын цахимжилтын хүрээнд E-hospital.mn системийг нэвтрүүлсэн ч энэ нь анхан шатандаа асуудал дагуулж эхэлжээ. Лав өөрсдөд тулгамдсан бэрхшээлийг ярьсан эмч бүрийн амнаас E-hospital.mn систем нь өөрөө асуудалтай, гүйцэтгэлээр санхүүжихэд тушаа болж буйг хэлж байсан юм. 

Уг асуудлыг сонсож суусан Ерөнхий сайдын зүгээс ч системтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж, “Е-Монголиа” шиг платформ руу шилжүүлэх боломжтойг онцлов. Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг олгож эхэлснээс хойш өрхийн эмнэлгүүд нийт санхүүжилтийнхээ 20 хувийг программ шивсэн эсэхээс шалтгаалж авдаг нь ихэнх цагаа хүнд хүрч үйлчлэхээс илүү бичиг цаасанд зарцуулах болсныг дуулгасан нь энэ байв. С.Чинзориг сайдын зүгээс ч гүйцэтгэлд суурилсан санхүүжилт олгох шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт оруулахаа “амлах”-ын зэрэгцээ эрүүл мэндийн салбарыг цахимжуулах 3-4 төсөл хэрэгжүүлсэн нь ямар үр дүнгүй, нэвтрүүлсэн “Е-hospital.mn” тушаа болж буйг хүлээн зөвшөөрсөн юм.

Түр оршин суугч ба хотын даргын байр суурь

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилтийн 93 хувь нь төсвөөс гэдгийг дээр өгүүлсэн. Гэхдээ иргэн тус бүрээр тооцож олгодог учраас зарим хүндрэл гарах нь бий. Тэдгээрийн нэг нь түр оршин суугч хэмээх нэршил. Тухайн бүс нутагт оршин суугаа нь, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авч байгаа нь үнэн ч “ТҮР” гэсэн тодотгол нь улсын төсвөөс санхүүжихэд хүндрэл дагуулдаг байна. Өөрөөр хэлбэл, иргэнд үйлчилгээ үзүүлсэн нэртэй болохоос ажлын гүйцэтгэлд албан ёсоор тэмдэглэгдэхгүй хэрэг. Тиймээс нийслэлд оршин суугаа “ТҮР” тодотголтой хүмүүсийн асуудлыг хэрхэх талаарх асуултыг хотын даргад дайх ч нэгэн байв.

Хариуд нь Д.Сумъяабазар даргын хэлсэн байр суурь нь хувь хүнд хуулиар олгосон эрхэнд халдахгүй байх тухай. Үндсэндээ Монгол Улсын иргэн хаана, хэзээ оршин суух, амьдрах Үндсэн хуулийн дархлаатай. Хэдийгээр хөдөө, орон нутгаас нийслэл рүү шилжин ирэгсдийн тоо олшрох тусам автозамын түгжрэлээс эхлээд ачаалал нэмэх асуудал болж байгаа ч тэглээ гээд хуулиар олгосон эрхэнд нь халдаж болохгүйг хотын дарга ийн онцолсон хэрэг. Гэхдээ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн анхан шатны нэгжид тулгамдаж байгаа асуудлыг үе шаттай шийдэж, бүх талаас нь дэмжинэ гэдгийг нэмж хэллээ. 

Төгсгөлд нь...

Монгол Улсын нийт хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлдэг өрхийн эмнэлгийн төлөөлөлтэй хийсэн Ерөнхий сайдын уулзалтын уур амьсгалыг зураглахад ийм дүр зураг бууна. Ямар ч байсан Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн эрт илрүүлгийг орон даяар зохион байгуулсан жил гаруйн хугацаанд сая орчим иргэн хамрагдаад байна. Хүн амын 30 хувьд хүрсэн үзүүлэлт. Эрт илрүүлэгт хамрагдсан 0-17 насныхны 76 хувьд  шүд цоорол, 18-60 насны иргэдийн 18.7 хувь нь ходоод, 61-ээс дээш насны иргэдийн 22 хувь нь ходоодны үрэвсэлтэй гараад байгаа юм.  

Иргэн бүр эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хамгийн эхний шат дамжлаг нь өрхийн эрүүл мэндийн төв. Ерөнхий сайдын хувьд ээлжит “Өглөөний уулзалт”-ын сэдвээ уг төв рүү чиглүүлж, тэнд ажилладаг эмч нартай уулзсан нь ч учиртай. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нийт хүн амаа эрт илрүүлгийн үзлэгт оруулж гэмээн аль өвчлөл нь зонхилж байгаа талаар нэгдсэн мэдээлэл бүхий баазтай болж, эрүүл мэндийн салбараа тэр чиглэлээр нь тордоно гэсэн үг. Одоо бол эрт илрүүлэгт орсон 0-17 насны иргэдийн 76 хувьд нь шүд цоорол байгааг урьдчилсан байдлаар тогтоож, 2024 оноос “Шүд” төслийг хэрэгжүүлэхээр болсон нь өөрөө бодит үр дүн юм.

УИХ, Засгийн газраас баталж, гаргасан бодлого, шийдвэр дунд тэр тусмаа анхан шатандаа хэрхэн бууж, албажиж байгаа гол асуудал. Ямар ч сайн, чухал шийдвэр гаргасан анхан, дунд шатандаа очоод гацвал хий хоосон тунхаг л болж үлдэнэ. Цаашдаа ийм байдлаар явах бус анхан, дунд шатнаас бодлого гаргахыг зорих болсон нь “Өглөөний уулзалт”-ын гол зорилго, луужин нь юм. Засгийн газар, Ерөнхий сайдынхаа түвшинд анхан, дунд шатандаа "чихээ нээж" байгаа нь зөв жишиг болж үлдэх учиртай.

С.Гандөл