Ардын Намд түймэр тавьж мэдэх 10 мянган хуудас материал
Засгийн газраас 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласан. Өмнөхөөсөө, үе үеийн Засгийн газраас ялгаатай нь “5Ш ажиллагаа” гэгчийг санаачилж, хэрэгжүүлсэн нь түрүүчээсээ бодит ажил болоод явж буй. Тэтгэвэрт гарсан атлаа Төрд ажил эрхэлж, давхар цалин авдаг хэсгийг “шүүрдэх”-ээс эхлээд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон даруйдаа хил дамнан зугтсан заримыг нь гаднын орны хууль хяналтын байгууллагатай холбоо тогтоож, хамтрах замаар эх оронд нь албадан авчрах ажиллагаа өдгөө үргэлжилж байна. Тэдгээрийн томоохон төлөөллийн нэг болох сайд асан Т.Бадамжунайг гэхэд Филипиннээс авчирснаар түүнд хамаарах хэргийг шүүхээр дэнсэлж эхлэв.
Эдгээрээс үе, үеийн Засгийн газар, сайдууд, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт хамгийн халтай тусч мэдэх арга хэмжээ нь “Шилэн” ажиллагаа. Эл ажиллагааны хүрээнд Нийтийн мэдээллийн ил, тод байдлын тухай хуульд зааснаар 68 нэр төрлийн мэдээллийг ил болгох ажлыг эхлүүлсэн юм. Ерөнхий сайдын зүгээс ч албан даалгавар гаргаж, Засгийн газрын гишүүд болон мэдээлэл хариуцагч байгууллагуулал шаардлага хүргүүлснээр “Shilen.gov.mn” санг байгуулж, 38 нэр төрлийн 970 мянга гаруй албан тушаалтнуудад хамаарах тогтоол, шийдвэрийн талаарх мэдээллийг нэгтгэж “Шилэн” болгосон. Авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй сайдын, Засаг даргын, дунд шатны дарга нарын гаргасан шийдвэр, тогтоол, захирамжийг технологийн шийдлээр цахим хэлбэрт оруулж, олон нийтэд нээлттэй болгосон гэсэн үг.
Технологи гэдэг өөрөө авлигал авахгүй, өөрийн шийдэл, программчлалаар ажилладаг учраас хөндлөнгөөс хэн нэгэн нөлөөлөх боломжгүй. Яг ийм үндэслэлд тулгуурлаж гаргасан 10 мянган хуудас материалыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Авлигатай тэмцэх газарт хүргүүлжээ. 2008-2023 онд нийслэл, дүүргийн Засаг даргаар ажиллаж асан эрхмүүдэд хамаарах бүхий огноотой эл материалд газар олголт, барилга байгууламжийг хүлээж авсан улсын комиссын дүгнэлт зэрэг багтжээ. Мөн Барилгын болон Байгаль орчны яамны шийдвэрээр улсын тусгай хамгаалалттай бүсэд олгосон газрын, Төрийн өмчийн компаниудын ТУЗ-ийн гишүүдийн, тендер худалдан авалтын, Засгийн газрын 25 сангийн мэдээлэл багтжээ.
Санаж байгаа бол "Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг санаж байгаа биз ээ. Авлигатай тэмцэхэд намын харьяалал хамаагүй. Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар юм. Хорт хавдрыг мэс заслын аргаар өвдөлт өгч, эмчлэхгүй бол архагшин буглаж, эцсийн шатандаа орж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай. Хэдийгээр хувь хүний хувьд олон дайсантай болж байгаа ч ард түмний ирээдүйн боломжийг боомилсон авлигын гинжийг таслах нь Монгол Улсын Ерөнхий сайдын журамт үүрэг мөн" хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдааны танхимд мэдэгдэж байлаа.
Тийнхүү хэлснээс яг жил гаруйн дараа түүний зангиддаг Засгийн газрын гишүүн нь 2008-2023 онд нийслэл, дүүргийн Засаг дарга болон Барилгын, Байгаль орчны яам, сайд нарын гаргаж ирсэн газар олголт, тендер, барилга байгууламж хүлээн авсан Улсын комиссын бүрэлдэхүүний хувь заяаг дэнсэлж мэдэх 10 мянган хуудас материалыг Засгийн газрын гишүүн Н.Учрал АТГ-т хүргүүллээ. Улс төр талаасаа Ардын Намд түймэр тавьж мэдэх хэмжээний л асуудал үүсгэх нь лав. Үндсэндээ хуулийн байгууллагад шилжүүлсэн тэдгээр материалын хэд нь Ерөнхий сайдын хэлсэнчлэн өөрөө өөрсөдтэй нь хийх тэмцэл рүү чиглүүлэх нь сонирхолтой бөгөөд хүлээлт үүсгэх сэдэв байх нь.
Учир нь, 2008-2023 оны хоорон дахь 15 жилийн дөрөвт нь Э.Бат-Үүлийн багийнхан нийслэлд засагласнаас бусад 13 он нь МАН-д хамаарна. Г.Мөнхбаяр, С.Батболд, С.Амарсайхан, Д.Сумъяабазар гэсэн дөрвөн Засаг даргаар үргэлжилнэ. 2008-2012 онд МАН, АН-ын хамтарсан, 2012-2016 онд АН, "Шударга ёс" эвслийн Засгийн газар ажилласан гэж үзвэл үлдсэн долоон жил нь мөн л Ардын Намд хамаарна. Өөрөөр хэлбэл, "Авлигатай тэмцэхэд намын харьяалал хамаагүй. Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар юм. Хорт хавдрыг мэс заслын аргаар өвдөлт өгч, эмчлэхгүй бол архагшин буглаж, эцсийн шатандаа орж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай" хэмээгээд авлигын гинжийг таслах нь Ерөнхий сайдын журамт үүрэг гэж тодотгосон Л.Оюун-Эрдэнийн бодит биеллээ олж, "Бай"-ндаа хэрхэн тусахыг харах л үлдлээ.
С.Сүлд