Ж.Ганбаатар: “Хөх морь” төслийг хэрэгжүүлнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Уул уурхайн ус ашиглалт, ус хангамжийн нөхцөл байдал, эрсдэлт хүчин зүйлс” сэдвээр мэдээлэл хийлээ.

Сайд Ж.Ганбаатар, Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа уул уурхайн салбарын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг хурдацтай өсөн тэлж байна. Ялангуяа Оюу толгойн зэс-алтны орд, Таван толгойн нүүрсний орд зэрэг дэлхийд дээгүүрт орох ашигт малтмалын ордуудаа ашиглаж эхэлсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүнд уул уурхайн салбарын эзлэх байр суурийг нэмэгдүүлсээр байна.

Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн зэс, алт, нүүрсний үнэ цэнийг нэмэгдүүлж, тогтвортой орлого олоход баримтлах гол стратеги нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, уул уурхайн түүхий эдийг дотооддоо боловсруулах үйлдвэр барьж ашиглах, тэдгээрт шаардагдах ус, цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох явдал юм.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхайн түүхий эдийг боловсруулан, нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн. 

Тухайлбал, Таван толгойн нүүрсний ордыг бүрэн ашиглах, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Нүүрс угаах үйлдвэр, Таван толгой цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах, Оюу толгойн гүний уурхайг ашиглах, Хармагтайн зэс алтны ордыг ашиглалтад оруулах зэрэг томоохон зорилтууд багтсан байна. Мөн тус бодлогын баримт бичигт “... усны эрэлт ихтэй говийн бүс рүү ус дамжуулах шугам хоолой татах, Орхон, Туул, Хэрлэн зэрэг томоохон голууд дээр урсацын тохируулгатай, олон зориулалтын усан сангууд байгуулах, хур бороо, үерийн усыг хуримтлуулах, гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Хөх морь” төслийг хэрэгжүүлэх”-ээр тусгасан. 

Монгол Улсын усны хэрэглээ 2022 оны байдлаар 606.7 сая.м3 байсан бөгөөд үүний 15 хувь буюу 92.5 сая.м3 усыг уул уурхайн салбарт хэрэглэж байна. 2022 онд ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого 51.5 тэрбум төгрөгт хүрсний 46.3 тэрбум төгрөг буюу 90 хувийг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газарт 2023 онд нийт 510 тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагаа явуулахаар Уулын ажлын төлөвлөгөө ирүүлсний 412 төлөвлөгөөг баталгаажуулсан байх бөгөөд  Баруун бүс, Хангайн бүс, Төвийн болон Зүүн бүс нутагт хэрэгжиж байгаа уул уурхайн төслүүдийн усны асуудал харьцангуй тогтвортой байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас нэн тэргүүнд усны нөөц хомс говийн бүс нутагт хэрэглэж байгаа гүний усыг багасгах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд тус яамны захиалгаар “Монголын Өмнөд говийн уул уурхай, хүнд үйлдвэрийн бүсийн усны эрэлт-хангамжийн гидроэкономик шинжилгээ”-г 2020 онд Дэлхийн банкны санхүүжилтээр гүйцэтгэсэн.

Уг судалгаагаар говийн бүсэд буюу Оюутолгой, Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг түшиглэн байгуулах баяжуулах, боловсруулах үйлдвэр, цахилгаан станц зэрэг төслүүдийн усны хэрэглээ 2040 онд жилд 59,066.9 мян.м3-д хүрч өнөөгийн түвшингөөс 2.4 дахин нэмэгдэхээр байх бөгөөд цаашид газрын доорх усны нөөцөөс хангах боломжгүй болохоор байх тул өсөн нэмэгдэж байгаа усны хэрэглээг хангах зорилгоор гадаргын усыг шилжүүлэн ашиглах төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй талаар зөвлөсөн болно.

Энэхүү зөвлөмжид тулгуурлан говийн бүсийг гадаргын усаар хангах Хэрлэн гол дээр урсацын тохируулга хийх төслийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг Оюутолгой ХХК-ийн 3 сая ам долларын санхүүжилтээр эхлүүлээд байна. 

Говийн бүсийн хот суурины болон хөдөөгийн хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн ус хангамжийн үндсэн эх үүсвэр нь газрын доорх ус бөгөөд түүний нөхөн сэргээгдэх нөхцөл нь хязгаарлагдмал байдаг онцлогтой. Ийм ч учраас уул уурхай, хүнд үйлдвэрийн ус хангамжинд газрын доорх усны нөөцийг ашиглахдаа түүний нөхөн сэргэх нөхцөлийг алдагдуулахгүй, нарийвчилсан тооцоо судалгаа, усны эрэлт-ус хангамжийн балансын үнэлгээн дээр үндэслэн, зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй ашиглах нь чухал юм.

Сүүлийн жилүүдэд орон нутгийн удирдлага, иргэд, уул уурхай эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, усны салбарын эрдэмтэн судлаачдын дундах “уул уурхай-ус” тойрсон мэдээллийн хэт зөрүүтэй байдал, талуудын үл ойлголцол нь улам бүр нэмэгдэх хандлагатай болж байна. Үүний уршигаар Өмнөд говийн бүсийн уул уурхай, хүнд үйлдвэрийн томоохон төслүүдийн хэрэгжилт саарч, тэр хэмжээгээр улс орны эдийн засаг удаашрах эрсдэл үүснэ. 

Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд цаашид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх саналтай байна. Үүнд:

• “Хэрлэн-Говь”, “Хөх морь” төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал, стандартын дагуу хийлгэх ажлыг зохион байгуулах;

• Хур тунадасны ус, цасыг хуримлуулан усалгаанд ашиглах, хөрсний чийгийн ууршилтыг багасгахад анхаарч, усыг хэмнэлттэй, дахин ашигладаг болон хуурай аргын технологийн шийдлүүдийг уул уурхайн үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

• Гадаргын усыг хуримтлуулж хөв, цөөрөм, усан сан байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх, усанд хэмнэлттэй дуслын болон хөрсөн доороос нэвчүүлэх зэрэг усалгааны арга технологи, тоног төхөөрөмжийг ашиглах санал санаачлагыг дэмжих;

• Үйлдвэрийн болон ахуйн хэрэглээний бохир усыг цэвэрлэж, мод усалгаанд ашиглахыг хууль эрх зүйн болон бусад хүрээнд бүх талаар дэмжиж ажиллах зэрэг болно.

Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гүний усны буюу гидрогеологийн судалгааны ажилд хүлээн зөвшөөрөгдсөн шинэлэг арга, аргачлал, техник технологийн дэвшлийг ашиглан агаарын геофизикийн судалгааны ажлыг Олон улсад нэр хүндтэй хуулийн этгээдтэй хамтран 2024 оноос улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. 

Энэ ажлын хүрээнд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар болон хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд зэрэг бусад салбарт тулгамдаад байгаа усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх мэдээллийг шинээр бий болгох бөгөөд уул уурхай, хүнд үйлдвэрийн бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдсөн газруудын хэмжээнд томоохон талбайг хамруулан агаарын геофизикийн цахилгаан-соронзон судалгааны ажлыг гүйцэтгэнэ. 

Судалгааны ажлын үр дүнд одоогоор тогтоогдоод байгаа газрын доорх усны ордуудыг агуулагч чулуулгийн тархалтыг тогтоох, ордын усны нөөц нэмэгдэх боломж, газрын доорх усны давстай эсхүл цэнгэг устай эсэхийг нарийвчлан тодорхойлох, шинээр газрын доорх усны сав газрыг илрүүлэх хайгуулын ажлын оновчлол, магадлалыг ихэсгэх боломж бүрдэх юм.

Уламжлалт аргаар буюу газрын геофизикийн ажил, өрөмдлөгийн мэдээллийг ашиглан газрын доорх усны ордыг шинээр нээх, түүний найрлагыг тодоройлох ажлуудаас агаарын геофизикийн судалгааны ажил нь дараах давуу талуудтай. Үүнд:

  • 1.Томоохон хэмжээний талбайг хамруулан богино хугацаанд судалгаа явуулж мэдээлэл цуглуулах,
  • 2.Газрын доорх усны сав газрын хил заагыг нарийвчлан тодорхойлох,
  • 3.Газрын доорх усны хайгуулын ажлын арга, аргачлалыг оновчлох, орд илрүүлэх ажлын магадлалыг өндөрсгөх, 
  • 4.Агаараас авсан анхдагч тоон мэдээллийг Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн дэвшилтэт программ хангамж ашиглан боловсруулахадаа усны найрлага, цэнгэг, давстай эсэхийг нарийвчлан тогтоох, 
  • 5.Газрын доорх усны хил зааг, тархалт, нөөц, найрлагыг тодорхойлох уламжлалт арга буюу өрөмдлөгийн ажлын хэмжээг багасгаснаар байгаль орчинд эерэгээр нөлөөлөх зэрэг болно хэмээлээ.