Д.Ихбаяр: “Хурд” группийн удирдлагатай xотын дарга уулзахаар боллоо

Хотын дарга үргэлжлүүлэн Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны хороололд холбогдох албаныхантай ажиллав. Тодруулбал, Нарны хорооллыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн байгууламжийг ирэх жил хийхээр төлөвлөж байна. Тус гүүрийг ашиглалтад оруулснаар 5200 өрхийн 20 мянга орчим иргэн хотын төв рүү явганаар зорчих, автомашин ашиглахгүй байх боломж бүрдэх юм.

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр:

-Нарны хорооллыг Нарны замтай холбосон явган хүний гүүрэн байгууламж барихаар нийслэлийн 2024 оны төсвийн төсөлд тусгасан. 141 дүгээр сургуулийн хувьд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн. Иймээс ирэх баасан гарагт сургуулийн өргөтгөлийн газрыг шийдвэрлэхээр “Хурд” группийн удирдлагатай Хотын дарга уулзахаар боллоо. Баянгол дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч нар хамтран үер, усны далан шуудуу, сургууль, цэцэрлэг, тохижилттой холбоотой олон асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд тусгуулсан гэв. 

НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн:

-Нарны зам дээгүүр байгуулах явган хүний гүүрэн гарцын урт 105 метр. Нарны хороолол, “Алтай” хотхоны хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт зөөх үеэр тухайн бүсийн орц, гарцад ихээхэн ачаалал үүсдэг. Төвлөрөл, түгжрэлийг сааруулахад хотхоноос орох, гарах гарцыг тэлэхээс гадна тус явган хүний гүүр чухал ач холбогдолтой. “Алтай” хотхонд гурван аж ахуйн нэгж, хоёр иргэнтэй зөвшилцөх шаардлагатай. Харин Нарны хороололд хоёр томоохон аж ахуйн нэгжтэй зөвшилцөнө. Баянгол дүүрэг 34 хороотой бөгөөд өнөөдөр зөвхөн хоёр хорооны асуудлыг ярьж байна. Үлдсэн 32 хорооны асуудлыг ч цаашид хөндөж, газар дээр нь ажиллана хэмээлээ.

Хотын дарга Баянгол дүүргийн хоёр томоохон хотхонтой хороодод тулгамдаад буй асуудлуудыг НИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд, холбогдох аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй ирэх долоо хоногт хамтран хэлэлцэхээр болов.