Яам хоорондын улс төрийн III зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Кувейт Улсын гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн III зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, кувейтийн талаас Гадаад хэргийн яамны Азийн асуудал хариуцсан туслах сайд Самих Эсса Жохар Хаяат нар хамтран даргалав.

Зөвлөлдөх уулзалтын эхэнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулж, хоёр улсын найрсаг харилцаа жил ирэх тусам өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашид хамтын ажиллагаагаа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн салбарт түлхүү хөгжүүлж, харилцан айлчлал, арга хэмжээ зохион байгуулахын чухлыг онцлов. Мөн Монгол Улсаас Булангийн орнуудад тэр дундаа Кувейт Улсад мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх ажлын явцын талаар санал солилцов.

Кувейт Улсын Гадаад хэргийн яамны Азийн асуудал эрхэлсэн туслах сайд Самих Эсса Жохар Хаяат хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, ойрын болон дунд хугацааны зорилтуудын талаар дэлгэрэнгүй ярилцав. 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэд хоорондын харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх Агаарын харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Монгол, Кувейтийн харилцааны түвшинг “Өргөн хүрээтэй түншлэл”-д хүргэх хамтын ажиллагааны замын зураглал зэрэг баримт бичгүүдийг ойрын хугацаанд эцэслэн байгуулахаар тохиров.