Xонины ноосон био бордоог ХБНГУ, АНУ-д экспортолж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хонины ноосоор био бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах үйлдвэр жилд 2,500 тн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай, одоогоор жилд 125 тн-ыг үйлдвэрлэж ХБНГУ, АНУ-д экспортолж байна. Цаашид хүчин чадлаа бүрэн ашиглаж, бүтээгдэхүүнээ Япон, БНСУ-д нийлүүлэх, бусад улс оронтой хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Азотын өндөр агууламжтай био бордоог үйлдвэрлэхдээ зөвхөн угаагаагүй хонины ноос хэрэглэдэг бөгөөд химийн болон нэмэлт туслах бодис, ус ашигладаггүйгээрээ онцлогтой юм байна.
Хүнсний ногоо тариалагч жижиг, дунд аж ахуйн нэгжүүд био бордоог худалдан авах чадвар бага. Иймээс төрийн бодлогоор дэмжих, ялангуяа кластерийн системд оруулан зохицуулалт хийвэл богино хугацаанд иргэдээ эрүүл ногоогоор хангах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах, импортын бордоог орлох бүрэн боломжтойг компанийн удирдлага танилцууллаа.
Манай улсын хөрсний чанар муудаж, ялзмагийн агууламж 60, ургамал шинжтэй тэжээлийн бодис 60-80 буурсан нь хүнсний ногоо тарих, арвин ургац авахад сөргөөр нөлөөлдөг.
Ийм үед био бордоог жимс, жимсгэнэ, мод, бут, сөөг, тасалгааны болон мандлын цэцэг, хөрс, задгай талбай, хүлэмжийн ногоо, уул уурхайн биологийн нөхөн сэргээлтэд ашиглахад үр дүнтэй нь дотоод, гадаадын улс орнуудын туршилтаар батлагджээ.
Био бордоо нь усыг өөртөө шингээн хадгалдаг бөгөөд шаардлагатай үед буцаж ялгаруулдаг, 10-14 сарын хугацаанд задарч, байгальд шингэдэг. Газрын хөрсийг сийрэгжүүлэн хөвсийлгөж, хорхой шавжнаас хамгаалдаг, ургамлыг дээд зэргийн тэжээл болон усаар хангадаг юм байна.
Монгол Улсын бордооны жилийн хэрэглээ 150 мянган тн бөгөөд цаашид жилд 10 хувиар өсөх төлөвтэй байна. Манай улс жилд 170 сая ам.доллароор химийн бордоо гаднаас худалдаж авдаг юм.