Гадаадад байгаа 30 иргэний гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгожээ

Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав.

Монгол Улсын иргэд олноор зорчдог гадаад улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсаас Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын 1959 оны конвенцод нэгдэн орох тухай хүсэлтийг Европын Зөвлөлийн Сайд нарын хороонд гаргажээ. Тус хороо нь орлогч сайд нарын 2019 оны хурлаар хэлэлцэн дэмжээд, урилга ирүүлсэн гэв.

Монгол Улс гадаадын 24 улстай байгуулсан 39 хоёр талт гэрээний үндсэн дээр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээд ялтан шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн байгаа. Үүнд ихэнх нь Зүүн Европ болон Азийн улсууд багтаж байгаа юм. Харин баруун Европын ихэнх улстай олон улсын конвенцуудад заасан, тодорхой төрлийн гэмт хэргээс бусад гэмт хэргийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх асуудлаар харилцах боломжгүй байдаг байна. Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцод Европын зөвлөлийн 48 гишүүн улс, Европын зөвлөлийн гишүүн бус 5 улс нэгдэн орсон бөгөөд тус конвенцын гишүүн улсын тоонд Монгол Улсын иргэд суралцах, ажиллах, бизнесийн болон аяллын зорилгоор олноор зорчдог, оршин суудаг Англи, Герман, Бельги, Ирланд, Швед зэрэг улс багтаж байгааг тэмдэглэв. Энэхүү конвенцод нэгдэн орсноор манай улсын хуулийн байгууллагууд нотлох баримт албажуулж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл хэрэгслийг хураан авах зэрэг тодорхой төрлийн ажиллагааг конвенцын гишүүн улсуудын нутаг дэвсгэрт гүйцэтгүүлж, туслалцаа авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг гүйцэтгэх боломжтой болно хэмээн Б.Энхбаяр сайд танилцуулсан.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг асуулт асууж, хариулт авав. Төслийг дэмжиж буйгаа тэрбээр илэрхийлээд, гэмт хэрэг үйлдсэн эсэхийг хянан шалгах гэхэд гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг шалгах, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгийг хураах боломж бүрдэх эсэхийг тодруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд дэлгэрэнгүй хариулт өгсөн. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван “Ш” ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааг эхлүүлэх үеэр Интерполын “Хөх булант” зар мэдээгээр 70, “Улаан булант” зар мэдээгээр 22 этгээдийг эрэн сурвалжилж байжээ. 2024 оны 02 дугаар сарын 14-ний байдлаар буюу “Шувуу” ажиллагаа хэрэгжсэн нэг жилийн хугацаанд Интерполын “Хөх булант” зар мэдээнд зарлагдсан 52, “Улаан булант” зар мэдээнд зарлагдсан 5, нийт 57 этгээдийг олж тогтоосон байна. Мөрдөн шалгах чиг үүргийн байгууллагаас олж тогтоож авч ирсэн 13, сайн дураараа хэргээ шийдвэрлүүлэхээр ирсэн 14 иргэнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 4 иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ. 2023 оны 03 дугаар сараас хойш гадаад улсад байгаа 30 иргэний гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгож, тэдний гадаад улсад зорчих, амьдрах боломжийг хязгаарлах шийдвэр гаргаад байгаа аж. 

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар үг хэлэв. Энэхүү конвенцыг соёрхон батлахыг дэмжиж буйгаа тэрбээр илэрхийлээд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх улс орнуудтай хүний эрхийг хангах, хамгаалахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын нийцлийг хангаснаар энэ төрлийн үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж байгааг тэмдэглэсэн. Түүнчлэн шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх асуудлыг анхаарч, шийдвэрлэх шаардлагын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад сануулсан.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн тул санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.