С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ө.Энхтүвшин: Рерихийг монголчууд, нийслэлчүүд хүндэтгэхгүй байхын аргагүй
"Рерих нар ба Монгол” Олон улсын эрдэм шинжилгээний II их хурал Улаанбаатар хотноо Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн Монгол Зургийн танхимд өнөөдөр эхэллээ. Шадар сайд Ө.Энхтүвшин тус хуралд оролцлоо. Энэхүү эрдэм шинжилгээний их хурал энэ сарын 16-18-ны өдрүүдэд “Тэнгэрийн үзэл ба Космизмын онол” сэдвийн дор болж өндөрлөх юм. Тус хурлыг Шамбала музейгээс Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ, ГХЯ, ОХУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хуралд орос, итали зэрэг хорь гаруй улс орны эрдэмтэн судлаачид оролцож, судалгааныхаа илтгэлийг тавьж, хэлэлцүүлэх юм.
Хурлын үеэр Дүрслэх урлагийн музейн судлаачид өөрийн сан хөмрөгт хадгалагдаж, олонд танилцуулж байдаг Н.К.Рерихийн зурж бүтээн 1927 онд Монгол Улсын Ерөнхий сайд Цэрэндоржид бэлэглэж байсан “Улаан хөлөгт баатар” уран зургийн талаарх химийн шинжилгээний танилцуулга илтгэлийг тавих юм байна. Н.К. Рерих нь Монгол орноор тойрон аялсныхаа дараа энэхүү бүтээлээ туурвисан бөгөөд “Шамбалын хаан Рэгдэндагва ирж байна, монгол эх оронд шамбалын эрин үе ирж, ард иргэд нь олноор жарган суух сайн цаг болно” хэмээн бэлгэдэн зурсан гэж үздэг байна. Улмаар уг зургийн нэрээр нийслэл хотоо Улаанбаатар хэмээн өгсөн ч гэж зарим эрдэмтэд нотлон тайлбарладаг байна. Мөн энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газраас Н.К.Рерихийн гэр музейн үйл ажиллагааг дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэж, “Улаан хөлөгт баатар” зургийн эх хуулбарыг “Шамбала” музейн удирдлагад гардуулан өглөө.
Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Монголчууд бид эртний түүхтэй, бүтээсэн соёлтой ард түмэн бөгөөд тэдгээрийг судалж илрүүлэх нь монголыг судлагч эрдэмтдийн өмнөө тавьсан гол зорилго байдаг юм. Монголын түүх, соёлыг судалсан ажлынхаа үр дүнг нийтийн хүртээл болгох нь манай Монгол эх орныг танин мэдэх нийтийн оюуны эрэлт хэрэгцээг хангаад зогсохгүй бидний түүх, соёлыг хилийн чанадад сурталчилдаг чухал арга мөн учир Монгол Улсын Засгийн газар ямагт дэмждэг.
Монголыг тал бүрээр судалж бүтээл туурвисан гадаад, дотоодын ялангуяа Оросын судлаач, уран бүтээлчид олон бөгөөд Оросын эрдэмтдийн Монгол судлалын хөгжилд гүйцэтгэсэн, одоо гүйцэтгэж байгаа үүрэг их юм. Тухайлбал, Монголчуудын түүхийг дэлгэрэнгүй өгүүлсэн содон бүтээл “Монголын нууц товчоо” зохиолыг оросын нэрт судлаач Питер Иванович Кафаров (Архимандарит Палладий) шинжлэх ухааны судалгааны эргэлтэнд анх оруулж “Чингис хааны тухай эртний монгол түүх”нэрээр орос хэлнээ орчуулсан нь тус алдарт зохиолыг анх удаа европод төдийгүй дэлхий дахинд танилцуулж нээсэн ажил болсон юм. Энэ ажлыг манай баатарлаг өвөг дээдсийн түүхэнд холбогдох ховор нандин эх сурвалжийг дэлхий нийтэд монголчуудынх гэж нотолсон судалгаа болсон гэж бид үнэлдэг.
Монголчууд бэлгэдэгч сэтгэлгээтэй дорно дахины ард түмэн болох хувьдаа Н.К.Рерихийн “Улаан хөлөгт баатар” бүтээлийн агуулгыг сайшаан хүндэтгэдэг. Тус бүтээл Монгол орон, Монголчуудын ирээдүйг өөдрөгөөр дүрсэлсэн хамгийн сайхан бүтээлүүдийн тоонд зүй ёсоор орно. Монгол орноо энхжин, жаргалангийн орон болгон хөгжүүлэх нь монгол хүний чин эрмэлзэл мөн бөгөөд түүнийг монголчуудын соёлын амьдралын 2000 жилийн түүхтэй холбоотой Буддын соёлын агуулгаар баяжуулан бүтээсэн энэ бүтээл манай монгол музейн сан хөмрөгт байгаа хосгүй үнэт соёлын өвийн тоонд ордог юм. Манай нийслэл “Улаанбаатар” хотын нэрийг энэ бүтээлтэй холбох нь бий. Ингэж үзвэл Рерих авгайг монголчууд, манай нийслэлчүүд хүндэтгэхгүй байхын аргагүй бөгөөд агуу судлаачийг, зураачийг мэддэг байх нь зүй ёсны хэрэг болно” гэлээ.