Н.Энхболд: Тангараг өргөнө гэдэг хуулиар хүлээсэн үүргийнхээ ард гарлаа гэсэн үг биш

Засгийн газраас зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг-2019” сургалт өндөрлөж, оюутан цэргүүд өнөөдөр тангараг өргөлөө.


"Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулж өвөг дээдсийнхээ дайчин өв уламжлал, өнөөгийн цэрэг, армийн ололт амжилтаас суралцан, эх оронч, оюунлаг, өндөр боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой юм. "Оюутан цэрэг-2019" сургалтад Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн хэмжээнд нийт 60 гаруй их, дээд сургуулийн 1000 гаруй оюутанг хамруулжээ.

2014 онд анхны “Оюутан цэрэг” сургалтаар 500 оюутныг буудагч мэргэжлээр сургаж байсан бол сургалтын хөтөлбөрийн чанар, цар хүрээ жил бүр өргөжин тэлсээр байна. Тодруулбал, энэ жилийн оюутан цэргүүд буудагч, пулемётчин, грантомётчин, инженерийн тагнуулчин-байлдагч, химичин-ариутгагч-байлдагч, химичин-тагнуулчин-байлдагч, артиллерийн тагнуулчин-байлдагч, артиллерийн тооцоочин-байлдагч, радиотелефончин-байлдагч, холбооны-хянагч-байлдагч, ариун цэврийн зааварлагч-байлдагч зэрэг 11 бага мэргэжил эзэмшсэн юм.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: "Цэргийн албаа хааж, тангараг өргөнө гэдэг хуулиар хүлээсэн нэг үүргийнхээ ард нь гарлаа гэсэн үг биш. Харин энэ мөчөөс эхлээд эх орондоо хэрэгтэй үедээ бэлэн жагсаж түүний төлөө амь, биеэ үл хайрлан хамгаалах насан туршийн алба эхэлж байна гэсэн үг юм. Богино хугацаанд шахуу хөтөлбөрөөр амаргүй шалгуур, бэрхшээлийг давж албаа дүүргэсэн хөвгүүддээ чин сэтгэлийн баяр хүргье" гэв. Мөн тэрбээр "Оюутан цэрэг" сургалтыг зохион байгуулж, хэрэгжүүлэх арга хэлбэрээ боловсронгуй болгох, сургалтын чанарыг сайжруулж, материаллаг баазыг бэхжүүлэхийн тулд өмнөх жилүүдийн туршлагадаа тулгуурлан аль аль талаасаа санал, санаачилга гарган хэрэгжүүлнэ гэдгийг онцолсон.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: "Орчин үед цаг хугацааны болон мэдлэг, чадварын үнэ цэнэ улам бүр нэмэгдэж байна. Оюутан залуус сонгосон мэргэжлээ эзэмшин суралцахын зэрэгцээ цэргийн алба хаах үүргээ давхар биелүүлэх нь хувь хүнд ховор боломж төдийгүй улс орны батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх, цэргийн хэргийн мэдлэг, чадвартай иргэн бэлтгэхэд нэн ач холбогдолтой юм" гээд "Оюутан цэрэг" сургалтыг амжилттай хэрэгжүүлж буй БХЯ, ЗХЖШ, ҮБХИС-ийн удирдлагуудад талархал илэрхийлэв.

БХЯ-ны харьяа ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн сургалтын төвд болсон тангараг өргөх ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, БХЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн тамгын газрын реферант, бригадын генерал Ч.Сайнтөр, Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын ерөнхийлөгч, ХААИС-ийн ректор, профессор Т.Хэрүүга, ҮБХИС-ын захирал, хурандаа П.Жаргалан, МОХ /Монголын оюутны холбоо/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жигжид болон цэргүүдийн ар гэрийн төлөөлөл оролцлоо.