С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Д.Ганзориг: Та бүхний өмнө асар их ирээдүй байна
2019 онд ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн сургууль, Цэргийн хөгжмийн сургуулийг амжилттай төгссөн сонсогч нарт ЗХЖШ-ын даргын тушаалаар дэслэгч цол олгож, Зэвсэгт хүчний анги, салбаруудад томиллоо. Цол олгох, Зэвсэгт хүчний анги, салбарт томилох ёслолын арга хэмжээнд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа С.Дашзэвэг, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр, ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Н.Гантөмөр нарын албаны хүмүүс оролцсон юм. Шинэхэн офицеруудад бригадын генерал Д.Ганзориг баяр хүргэж, амжилт хүссэн.
Тэрбээр "Зэвсэгт хүчний эгнээнд орж байгаа та бүхэнд баяр хүргэе. Одоо та бүхэнд дөрвөн жилийн хугацаанд эрдэмтэн багш нараасаа олж авсан мэдлэгээ цэргийн албанд хэрэгжүүлэх боломж тохиож байна. Цэргийн амьдрал дээр омогших, бахархах олон сайхан зүйлс тохиохын зэрэгцээ сэтгэлийн тэсвэр тэвчээр, хатуужил шаардсан асуудал ч таарна. Энэ бүхнийг давсаны дараа та жинхэнэ офицер болж чадна. Түүнээс өнөөдөр дэслэгч цол авснаараа офицер болохгүй. Томилогдон очсон анги, салбартаа мэдлэг, ур чадвар, ажлын үүрэг гүйцэтгэлээрээ үргэлж манлайлагч нь байж, доорх цэргүүддээ, дээрх удирдлагууддаа түшигтэй яваарай. Зэвсэгт хүчин хэн сайн ажиллана, түүнийг дэмжиж, дараагийн сургуульд сургаж, бэлтгэдэг юм шүү. Та бүхний өмнө асар их ирээдүй байна. Эрхэм дэслэгч та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, албандаа хоёргүй сэтгэлээр хичээж ажилла" гэсэн юм.