Нэгэн жарны түүхтэй илч түгээгчдэд баяр хүргэлээ

Төвлөрсөн дулаан хангамж үүсч хөгжсөний 60 жил, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын үйл ажиллагаа өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Баярын нээлтэд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Л.Тлейхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан болон бусад холбогдох албаныхан оролцов.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Нийслэл хотын төвийн зургаан дүүрэгт тархан байрлах 10500 гаруй барилга объектыг төвлөрсөн дулаанаар найдвартай хангаж, иргэд оршин суугчдыг тав тухтай амьдруулах ариун үйлсэд 60 жилийн турш зүтгэсэн их хотын мөнхийн галыг манагч Дулааны сүлжээний байгууллагын хамт олондоо түүхт  ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Хотыг хөгжүүлэх 1995, 2000, 2010 оны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг бий болгож газар доорх инженерийн байгууламжийн ашиглалт, үйлчилгээ, засварыг найдвартай хариуцаж, хотын амин судас болсон дулаан хангамжийн салбарыг нэр хүндтэй авч яваа Улаанбаатар Дулааны сүлжээний хамт олондоо нийслэлчүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн Нийслэл хотын тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах үйлсэд идэвх санаачилгатай ажиллаж бодитой хувь нэмэр оруулж байгааг дурдах нь зүйтэй. Тухайлбал, Баянхошуу дэд төв, Яармаг, VII хороолол, Их засаг их сургууль, Маахуур толгой зэрэг хотын агаарын бохирдол ихтэй бүсүүдэд 200 гаруй халаалтын зуухыг зогсоож төвлөрсөн дулаанд холбоод байгааг онцлох нь зүйтэй” хэмээсэн юм.

Анх есөн ажилтан 10 км урт шугам, 80 орчим хэрэглэгчидтэйгээр ажлын гараагаа эхлүүлж байсан , “Улаанбаатар дулааны сүлжээ” компани өнөөдөр Улаанбаатар хотод 2760 аж ахуйн гэрээтэй хэрэглэгч, ОСНААУГ-ны харъяа гурван түгээх төвийн хэрэглэгчдэд үйлчлэх 16 төв, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч 60 гаруй компанийн 10 мянга гаруй барилга объектыг жилийн дөрвөн улирлын турш дулаан эрчим хүчээр хангахаас гадна Монгол Улсынхаа 21 аймгийн төвийг дулаан хангамжийн горимын тооцоо тохируулга зүгшрүүлгийг хариуцан ажиллаж байна.

Түүхт ойн баярын үеэр хотын Захирагч С.Амарсайхан идэвхи санаачлагатай ажилласан зарим ажилтан албан хаагчдыг  цол тэмдэгээр шагнаж,  баярын бичиг гардууллаа.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс