С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Солонго: Биднээр төлөөлүүлж, нийгмийг бэлгийн цөөнхийн эсрэг турхирч байгаад харамсаж байна
Олон нийтийн сүлжээнд цацагдсан трансжендер хүмүүстэй холбоотой зургийн талаар иргэн Б.Солонго мэдээлэл хийлээ. Тэрбээр “Олон нийтийн сүлжээнд тархаад буй зураг нь ямар нэг төрийн бус байгууллагад баригдсан эсвэл биеэ үнэлээд явж буй хүмүүсийн зураг огт биш. Үүний учрыг тодруулбал, нэгэн телевиз нэр бүхий төрийн бус байгууллагатай хамтран шөнийн сурвалжилга хийж, зочид буудалд болж буй зүйлийн талаар сурвалжилсан байсан. Энэ үеэр нэгэн трансжендер хүн баригдаж, утсаа хураалгасан байсан.
Одоо тархаад буй зураг нь тэр хүний утсан дээрх зураг. Бид хэдийгээр трансжендер гэж нэг нэр томьёололтой боловч тус тусын зам мөрөөр амьдарч байгаа хүмүүс. Тэрхүү зураг дээр ч хүний нүдэнд гаж буруу харагдах, муу үлгэр дуурайлал үзүүлэх зүйл байхгүй. Нийгэмд үүнээс тулгамдсан асуудал бий. Гэтэл трансжендер хүмүүсээр төлөөлүүлж, нийгмийг бэлгийн цөөнхийн эсрэг турхирч байгаад харамсаж байна.
Энэ зургийн юу нь буруу байгаа вэ гэдгийг нэр бүхий төрийн бус байгууллагаас асуумаар байна. Үүнээс үүдэн гарах сөрөг нөлөөллийг тооцоолж үзэх ёстой байсан. Миний хувьд тухайн бүлгэмийг эх нутгийнхаа газар шороо, үндэсний эрх ашгийг хамгаалж, далайцтай үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж ойлгодог байлаа.
Мөн зургийг нийтлэхдээ "Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх..." гэж бичсэн байна. Үндэсний аюулгүй байдалд юу сөргөөр нөлөөлж байгааг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь тодорхойлдог болохоос аливаа нэг төрийн бус байгууллага тодорхойлохгүй байх. Трансжендер хүмүүсийн дунд биеэ үнэлэлт байдаг гэдгийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл трансжендер хүмүүст ажиллах ажлын байр байдаггүйтэй холбоотой байдаг болов уу” гэлээ.