Г.Занданшатар: Ард нь сууж явсан иргэн үйлчлэгчтэй зүй бусаар харьцсан гэсэн

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой мэдээллээр УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн даргатай холбоотой асуудлаар хэвлэл мэдээллээр шуугиан гарч байна. Энэ дагуу тодруулсан. Хэрвээ ёс зүйгүй асуудал гаргасан бол хуулийн дагуу хариуцлага тооцно. Цэцээс бидэнд өгсөн мэдээллээр өөрөө холбогдоогүй. Ард нь сууж явсан иргэн үйлчлэгчтэй зүй бусаар харьцсан гэсэн. Тэгэхэд Цэцийн дарга иргэний хувиар тухайн хүнийг хамгаалж, өмгөөлсөн юм билээ. Мэдээллийг шалгаж байж шаардлагатай бол УИХ-аар хэлэлцэнэ.

Аль нэг талын мэдээлэлд үндэслэж болохгүй. Нөгөө талаас энэ хүрээнд төрийн албаны ёс зүй, хариуцлагын асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулахаар бэлдэж байгаа. Өмнө нь ёс зүйг хуульчилж болохгүй гэдэг байсан. Ганцхан Японд байсан. Тийм учраас төрийн албаны ёс зүйн хуулийг судлаад Ажлын хэсэг байгуулж боловсруулсан. Үүгээр ёс зүй, сахилга хариуцлага асуудлыг цоо шинэ төвшинд гаргаж байгаа.

АМНАТ-ын тухай Цэцийн шийдвэр гарсан. Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх. Энэ дагуу Ажлын хэсэг байгуулсан. Цэцийн тогтоол гарвал холбогдол хууль тогтоомжид нэмэлт, оруулах асуудлыг 15 хоногийн дотор шийдвэрлэх ёстой” гэлээ.