С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Мөнхчулуун: Иргэдийн төлөө ажиллах хүн хувиасаа 100, 200 сая төгрөг гаргадаг байж болохгүй
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун “Улс төрийн намын болон иргэний нийгмийн хууль эрхзүйн орчинд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Ундраа, Ц.Мөнх-Оргил, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа болон бусад улстөрийн намын болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцов.
Мөн хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зарим асуудлаар УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлсэн юм. Тодруулбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн нийгмийн болон өөрсдийн эрх ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” хэмээн заасан. Өнгөрсөн хугацаанд эл заалт амжилттай хэрэгжиж ирсэн. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн 19 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэж заасан нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан гэж үзжээ. Мөн сонгогчдын нэг хувиас дээш гишүүнчлэлтэй МАН, АН, ИЗНН, Эх орон нам, БНН, МАХН зэрэг намуудыг сонгуульд оролцох боломжоор хангаж, нэг хувь хүрэхгүй гишүүнчлэлтэй 29 намыг “намнах” бодлого явж байна хэмээн үзэж буй аж. Тиймээс энэхүү асуудлыг анхаарч, Үндсэн хуулийг өөрчлөлтөд тусгахгүй байхыг хүсч УИХ-ын гишүүд, Төрийн байгуулалтын байнгын хороо, төсөл боловсруулах Ажлын хэсэг болон УИХ дахь МАН, АН-ын бүлэгт шаардлага хүргүүлж байгааг “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн тэргүүн Ч.Сосормаа хэлж байв.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны зүгээс энэ үеэр өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр “Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигч өөрөөсөө буюу хандиваар мөнгө босгоод сонгуульд оролцох нь байж болохгүй зүйл. УИХ, нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж төр, иргэдийн төлөө ажиллах гэж байгаа хүн хувиасаа 100, 200 сая төгрөг гаргах нь логикийн хувьд байж болохгүй юм. Мөнгө зарцуулаад гарчихсан нэр дэвшигч мөнгөө олохын тулд иргэдийн төлөө биш хувийн бизнесээ дэмжихийн төлөө ажиллана. Томоохон компаниуд, хүмүүсээс хандив аваад нэр дэвшсэн хүн хандивлагчдынхаа төлөө ажиллах, тэр хүмүүсийн гар хөл болох явдал гарч байгаа. Улстөрийн намууд дээр мөн адил компаниудын төлөөлөл, гар хөл болж байна. Тиймээс сонгуулийг мөнгөний сонгууль болгохгүйн тулд улс төрийн намын санхүүжилтийг төр хариуцах ёстой. Энэ бол төрийн сонгууль” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.