ЭМЯ: Тусламж үйлчилгээний бэлэн байдал хангагдсан

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн талаар мэдээлэл хийлээ.


Энэ сарын 28-ны 11.00 цагийн байдлаар дэлхийн хэмжээнд коронавирусээр халдварласан хүний тоо 4474, амиа алдсан хүний тоо 106, халдвар авсан байж болзошгүй хүний тоо 5796-д хүрчээ. Мөн Бээжинд 50 настай эрэгтэй халдварын улмаас нас баржээ.

Манай улсад энэ сарын 9-27-ны өдрүүдэд нийт 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан лабораторийн шинжилгээнд сорьц авч шинжилжээ. Дөрвөн хүнээс нь томуугийн А хүрээний H3N2 илэрч онош үгүйсгэгдсэн байна.  

Мөн Архангай, Ховд аймагт сэижгтэй тохиолдол илэрсэн ч шинжилгээний хариу үгүйсгэгдсэн. Халуурсан, уушгины хатгалгааны улмаас нас барсан тохиолдлыг тодруулахаар ажиллаж байна гэдгийг онцоллоо. Өмнөговь, Булган, Хэнтийд гарсан тохиолдлын талаар судалж байгаад тухай бүрт нь мэдээлэл өгнө гэсэн юм.

Уушгины хатгалгааны улмаас өнгөрсөн онд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 78141 хүн, нас барсан 431 тохиолдол байжээ.

Түүнчлэн “зохиомол дутмагшил, үнийг хөөрөгдөл их байна. Ийм шаардлага байхгүй. Бүтээгдэхүүн нөөцөлж, үнийн хөөрөгдөл бий болгохгүй байхыг хүсье. Халдвар гарсан БНХАУ-аас оюутнуудаа авах хүсэлт гаргасан. Онгоц бэлэн. Тусламж үйлчилгээний бэлэн байдал хангагдсан. Мөн маскны үнэ өссөн асуудлыг 1800-1284 утсанд мэдээлэх хэрэгтэй. Ашиг хонжоо хайгчид эмийн сангаас бөөнөөр нь авах асуудал гарч байна” гэв.