Баян-Өлгийд тусгаарласан иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Баян-Өлгий аймагт коронавирусын нэг сэжигтэй тохиолдлыг илрүүлээд байгаа билээ. Тухайн иргэн Ховдод зочид буудалд хоёр хоноод, Баян-Өлгий аймаг руу 4 хүнтэй таксинд суун очсон байдаг. Уг иргэний хувьд өнгөрсөн нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хугацаанд БНХАУ-ын Эрээн, Бээжин болон Замын-Үүд, Улаанбаатар, Ховд, Булганы Сансар, Ховдын Дарив, Баян-Өлгий аймаг гэсэн маршрутаар зорчиж явсан байна. Мөн сүүлд Баян-Өлгий аймагт очих үедээ "Халуурч, ханиалгах, толгой болон булчин өвдөх, гүйлгэх" гэсэн зовиуртайгаар эрүүл мэндийн байгууллагад хандан, улмаар холбогдох үзлэг шинжилгээнд хамрагдан тусгаарлагдсан билээ.

Тэгвэл уг иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Үүнээс өмнө аймгийн Засаг дарга А.Гылымхан Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбоотойгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээдүүдийг ажлын тусгай горимд шилжүүлэх захирамж гаргаад байсан юм.