Л.Мөнхтүшиг: БНХАУ-аас ирсэн монгол иргэдийг 14 хоног тусгаарлана

Шинэ төрлийн коронавирусын халдварын талаар холбогдох байгууллагуудаас ээлжит цаг үеийн мэдээллээ хийлээ.


Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн байдлаар коронавирусын халдварын тоо 3,977, нас баралт 120-оор тус тус нэмэгджээ. Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн" гэлээ.

Харин Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Засгийн газрын шийдвэрийн дагуу БНХАУ-д үлдсэн монгол иргэдийг эх оронд нь авчрах ажлыг яаманд хариуцуулсан. Өнөөдрийн байдлаар БНХАУ дахь Консулын газрууд иргэдийг дахин бүртгэж байна. Нэгтгэсэн байдлаар нийт 491 иргэн байна. Хэрэв эдгээр иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргавал Элчин сайдын яам, Консулын газраар нь дамжуулан авчрах асуудлыг зохион байгуулна. Эхний ээлжид Эрээн болон Хөх хотод Монгол руу буцахаар тасалбар авсан 50 гаруй иргэнийг оруулж ирнэ. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-аас ирсэн монгол иргэдийг хилээр нэвтэрсэн даруйд 14 хоног хүртэл тусгаарлана" гэв.