Хүнсний дэлгүүр 22.00, ресторанууд 00.00 цаг хүртэл ажиллахаар боллоо

УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, нийслэлийн Ерөнхий менежер Т.Гантөмөр нар мэдээлэл хийлээ. 

 

 

Ц.Ганзориг даргын хэлснээр энэ сарын 22-ноос зургаан төрлийн үйл ажиллагааг нээхээр болжээ. Ингэхдээ вакцины давтан тун аваад 14 хоносон иргэдэд нээлттэй гэдгийг онцолсон юм. Үүнд:

1. Орон нутгийн замын хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан вакцины давтан тунгаа хийлгэсэн хүмүүс болон 0-17 насны хүүхдүүдээс PCR шинжилгээ шаардахгүй.

2. Томоохон зах худалдааны төвүүдийн үйл ажиллагааг эхлүүлнэ.

3. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд болох ресторан зоогийн газрууд 50 хувийн дүүргэлттэйгээр давтан тун аваад 14 хоносон иргэдэд заалаар үйлчилж болно.

4. Зочид буудал, дэн буудлууд ажиллана.

5. Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.

6. Саун, халуун усны газрууд 50 хувийн дүүргэлттэй ажиллах аж.

Мөн хүнсний дэлгүүрүүд 22.00 цаг хүртэл, ресторанууд 24.00 цаг хүртэл ажиллаж болно. Тавдугаар сарын 22-ноос эхлэн ажиллах есөн томоохон зах худалдааны төвүүд дээр хяналт шалгалт хийнэ. Өнөөдөр, маргааш "Хархорин", "Сандэй", "Нарантуул", "Дүнжингарав", "Шөнийн зах", "Сандэй Плаза", "Бөмбөгөр", "Алтжин Бөмбөгөр" зэрэг захад шалгалт хийж, шаардлага хангавал ажиллуулна гэдгийг нийслэлийн Ерөнхий менежер Т.Гантөмөр хэлсэн юм.