X Богд Жавзандамба хутагтыг залахаар болбол дэлхий нийтэд зарлана

Монголын Бурхан шашинты төвөөс X Богдыг залахаар болсон тухай мэдээлэл гарсантай холбогдуулж, Гандантэгчэнлин хийдээс тайлбар хийжээ. Тус төвийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдын хэлснээр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд X Богдыг залах ажиллагаа болохгүй. Ийм зүйл яригдаагүй гэнэ.

Тэрбээр “Батцагаан дуганд байдаг сэнтийний зураг, хаанахынх нь мэдэгдэхгүй гуталны зураг тавиад X Богдыг зална гэх мэдээллийг гаргасан байсныг бид харсан. Ингэж иргэдийн итгэл үнэмшилээр тоглож болохгүй. Үүнээс болж иргэдийн дунд талцал үүсэх явдал ч болсон байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаасай гэж бодож байна.

Иргэд, хэвлэл мэдээллийнхэн Гандантэгчэнлин хийдийн төв байгууллагаас гаргасан мэдээлэлд итгэх хэрэгтэй. X Богд Жавзандамба хутагтыг залахаар болбол дэлхий нийтэд зарлана. Анхдугаар Өндөр гэгээнээс авхуулаад есөн дүр залрахдаа Монголын шашинд, дэлхийн хүн төрөлхтний оюуны соёлд эдгээр хүмүүсийн оруулсан хувь нэмэр үнэлэшгүй.

Харин өнөөдөр 09:00-13:00 цагийн хооронд Батцагаан дуганд Тэргүүн хамба ламд бат оршил өргөх хурал номын үйл ажиллагаа болно. Хөл хорио суларч байгаа хэдий ч аймшигт өвчин арилаагүй байгаа тул шавь болон цөөн хүний төлөөлөлтэй болно. Уг үйл ажиллагааг МҮОНРТ орон даяар шууд дамжуулна" гэжээ.