Өдрийн 50 мянгаар 8000 хүнийг ургац хураалтад ажиллуулна

Их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, залуучууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажлын байр хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулна. Хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалинтай ажиллана гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэллээ.

Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн  технологит ажлыг тасралтгүй явуулах үүднээс ургац хураалтад нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бараа материалыг улсын хилээр саадгүй нэвтрүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас  шийдвэрлэлээ.

Ургац тээвэрт ашиглагдах улсын чанартай автозамын эвдрэл гэмтлийг шалган тогтоож, засварын ажлыг дуусгах, авто болон төмөр замын тээврийн асуудлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж ажиллахыг Зам, тээврийн  хөгжлийн сайдад даалгалаа.

Энэ онд улсын хэмжээнд 416.8 мянган га-д үр тариа, үүнээс 385 мянган га-д улаанбуудай, 19 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86 мянган га-д тосны ургамал, 80 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 616.6 мянган га-д тариалалт хийжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 26.7 мянга, төмс 1.6 мянга, хүнсний ногоо 877 га-гаар тус тус ахиу байна.

Байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан таримлын соёололт удааширсан, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлсөн, Ковид-19 цар тахлын үед хилийн бүсэд үүссэн нөхцөл байдлын улмаас ургац хураалтад ажиллах техник, сэлбэг хэрэгслийн татан авалт удаашралтай байна. Тиймээс энэ жилийн ургац хураалтын ажилд хүн хүчний хэрэгцээ шаардлага урьд жилүүдийнхээс илүү байхаар байна.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Их, дээд сургууль болон МСҮТ-үүдийн оюутан, цэргийн албан хаагчид, ажил хайж буй иргэдтэй аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн гэрээ байгуулж ургац хураалтад ажиллуулах Засгийн газрын тогтоол гарлаа. Ургац хураалтад 8000 орчим хүн авч ажиллуулах шаардлагатай байна гэсэн судалгааны дүн гарсан. Энд ажиллах хүмүүсийг өдрийн 50 мянган төгрөгөөр цалинжуулахад бэлэн байна гэдгээ аж ахуйн нэгжүүд мэдэгдсэн" гэсэн юм.