“Улаанбаатар марафон”-д 20 мянга гаруй хүн бүртгүүлжээ

Маргааш буюу зургаадугаар сарын 3-нд Автомашингүй өдөр, мөн “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд маргааш 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Тодруулбал, Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замын уулзвараас Баруун 4 замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас “Монгол шуудан”-гийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Автомашингүй өдөр, “Улаанбаатар марафон”-ы зохион байгуулалтын мэдээллийг холбогдох албаныхан өглөө.

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийн тамирчид оролцдог. Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж 2022 онд 29 орны 23,690 хүн оролцсон бол энэ удаа 30 орны 20 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байна.  Марафоны зам, маршрутыг хэмжиж баталгаажуулан, гараа, барианы болон ус, эмнэлэг, үйлчилгээний цэгүүдийг тогтоожээ.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Бямбасайхан “Улаанбаатар марафон”-ы бүртгэлийг сар гаруйн хугацаанд хийлээ. Иргэд санал тавьсны дагуу таван км-ийн бүртгэлийг сунгаж, өнөөдөр 17:00 цагаас хаах юм” хэмээв.