Найрамдалд амарч байгаа хүүхдүүдийн талаар ОХУ-ын төв телевиз сурвалжилжээ

Оросын телевизийн ОРТ-1 сувгийн сэтгүүлчид Найрамдал зусланд амарч байгаа Эрхүү мужийн гамшигт нэрвэгдсэн хүүхдүүдийн талаар сурвалжилжээ. Уг зусланд Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Эрхүү мужид тохиолдсон үерийн гамшигт нэрвэгдсэн хүүхдүүдийг хүлээн авч амраахаар болсон юм. Орос хүүхдүүд Монголын амьдралд амархан дасаж, монгол хэлээр ойр зуурын үгтэй болж, үзсэн зовлон гамшгаа түргэн мартаж байгаа тухай уг мэдээнд өгүүлсэн байна. Хүүхдүүдийг удирдаж байгаа багш Оксана Ефимова “Хүүхдүүд шинэ орчинд амархан дассан. Гэртээ байгаагаас ялгаагүй байна” гэж яриад монголчуудын зочломтгой занд талархсан юм. Хүүхдүүдийг өдөрт таван удаа хооллож байгаа бөгөөд Найрамдал зуслангийн тогооч тусгайлан борш, солянка зэрэг орос үндэсний хоолыг цэсэндээ оруулсан байна.

 

Эрхүүгийн хүүхдүүд энд монгол соёлтой танилцаж, шагай наадаж байгааг мөн үзүүлжээ. Хүүхдүүдийг эх орондоо амраах ажлыг дэмжсэн Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Үерийн гамшгийн талаар мэдээлэл авсан манай иргэд, Эрхүүд сургууль төгсөгчид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх санал гаргасныг бид дэмжсэн юм. Ингээд бид гамшигт нэрвэгдсэн хүүхдүүдийг Найрамдал зусланд амруулахаар урилга илгээсэн. Хэцүү цаг үед хөршдөө туслах нь бидний хувьд хэвийн зүйл” хэмээн ярьжээ.

ОРТ-1 сувгийнхан бас Улаанбаатарын эмнэлгүүдэд ажилладаг Эрхүүгийн анагаах ухааны их сургуулийн төгсөгчдийн төлөөлөлтэй уулзсан байна. Нийтдээ 300 орчим төгсөгч үерийн гамшигт нэрвэгдсэн Эрхүү мужид хандив цуглуулсан байна.

Энэ үеэр “Бидний оюутан нас тэнд өнгөрсөн болохоор сайхан дурсамжтай явдаг. Хандив маань тийм ч их биш. Гэхдээ бидний зүрх сэтгэл Орос оронд, Эрхүүгийн ард түмэнд хайртай хэвээр” гэж тэдний нэг Ж.Рэнцэн-Амгалан эмч ярьжээ.

Найрамдал зусланд Эрхүү мужаас нийт 42 хүүхэд амарч байна. Монгол улс зуун хүүхэд хүлээж авахад бэлэн байсан ч хүүхдүүдийн ихэнх нь гадаад паспортгүйгээс энэ тоонд хүрээгүй гэнэ. Хүүхдүүд Найрамдал зусланд дахин долоо хоног амарсны дараа наймдугаар сарын дунд хүртэл өөр зусланд шилжиж амрах юм.