С.Одонтуяа: Аюултай хог хаягдлын хэмжээ 281 хувиар өссөн

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, салбарын үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонслоо.

Энэ талаар салбарын сайд С.Одонтуяа мэдээлэл хийсэн. Тэрбээр салбарын үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг гишүүдэд цаасаар тараасан тул мэдээллийг товч танилцуулав. Тухайлбал, сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын жилийн дундаж температур 2.4 хэмээр дулаарч, өвлийн улиралд орох хур тунадасны хэмжээ ялимгүй нэмэгдэж, харин дулааны улирлын хур тунадасны хэмжээ зарим бүс нутагт багасаж мөнх цас, мөсөн голын хэмжээ 29.9 хувиар буурч, цэвдэг хайлж, багасаж байгааг судлаачид тогтоогоод байна. Иймд улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон 2025 оны улсын төсөвт салбарын яамдын хэрэгжүүлэх зорилт арга хэмжээг тодорхой тусгаж, үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг хангуулж, үр дүнг ахиулахад анхаарч ажиллах шаардлагатай байна гэж байлаа.

Мөн 2020 онд хийсэн цөлжилтийн үнэлгээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөн байна. Үүний 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна. Сүүлийн 30 жилд мал сүргийн тоо толгой гурав дахин нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрч байгаа нь цөлжилтийн үндсэн шалтгааны нэг болсон. Улмаар уул уурхай эрчимтэй хөгжиж, үүнтэй холбоотой эвдэрсэн газрын тоо хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой. Улаанбаатар хотын хөрсний бохирдол, экогеохимийн судалгаагаар 360 цэгээс сорьц авч шинжлэхэд 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн хэмээн сайд мэдээлэлдээ тодотгосон.

Улаанбаатар хотод 2023 онд 697.626 автомашин тоологдсон ба өмнөх оноос 8.2 хувиар нэмэгдсэн байна. 2024 оны хүйтний улирал 01 дүгээр сарын Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM10 тоосонцор 5, хүхэрлэг хий нь 10 хувиар бага, харин PM2.5 тоосонцор 4, азотын давхар исэл нь 11 хувиар тус тус их гэж байлаа.  

Түүнчлэн улс орны эдийн засгийн өсөлт, хотжилт, хүн амын төвлөрөл, иргэдийн хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын бүтэц өөрчлөгдөн, хэмжээ нь жилээс жилд өсөж 2.2 сая тоннд хүрсэн байна. 2023 онд энгийн хатуу хог хаягдлын 63.7 хувийг өрхийн хог хаягдал, 36.3 хувийг аж ахуйн нэгж байгууллага, зам талбай, бусад газраас цуглуулсан хог хаягдал эзэлж байна. Аюултай хог хаягдлын хэмжээ 2023 онд 1089.4 мянган тонн болж, 281 хувиар өссөнийг онцолсон.  

Монгол Улсад ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээнд 2023 оны байдлаар цаг уурын шинжилгээний 318 өртөө, харуул, агаар мандлын дээд давхаргыг судлах 4 станц, шар шороон шуурганы 9 станц, хиймэл дагуулаас мэдээ хүлээн авах 2 станц, цаг уурын Доплерын радарын 1 станц, ус судлалын шинжилгээний 155 өртөө, харуул, Орчны хяналт шинжилгээний 22 лаборатори агаарын чанарын хяналтын 36 станц, хүчиллэг тунадасны 1 харуул, усны чанарын хяналтыг 184 цэгт, хөрсний чанарын хяналтыг 1550 цэгт дээж авч шинжилгээ хийж байна. Энэ хүрээнд судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг нэмэгдүүлж, уур амьсгалын сөрөг үр дагаврыг арилгах, бууруулах шинжлэх ухаанд суурилсан  бодлогын оновчтой шийдвэр гаргах, ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын үндэсний сүлжээг өргөтгөх, орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлэх, автоматжуулах, албан хаагчдыг мэргэшүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлж, тэдний гүйцэтгэж байгаа ажил үүрэг, ур чадварт нийцсэн цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлж, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хүний нөөц, нийгмийн баталгааг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байгааг С.Одонтуяа сайд мэдээлэлдээ дурдлаа.

Олон улсын хэмжээнд санаачлан хэрэгжүүлж буй газар нутгийг тусгайлан хамгаалах “30 ба 30” санаачилгыг Монгол Улс 1992 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид олон улсын чиг хандлагын дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, хамгаалалтын менежментийг сайжруулах хүрээнд улсын тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хувийг хуулийн дагуу байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах,  хамгаалалтын менежментийг байгаль орчныг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллагад гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг тодорхой болгохоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барихаар бэлтгэж байна гэв.

Монгол орны усны нийт нөөц олон жилийн дунджаар жилд 564.8 км3 бөгөөд үүний 90 гаруй хувийг гадаргын ус, 1.91 хувийг газрын доорх ус бүрдүүлдэг.  2023 оны байдлаар 679.1 сая шоометр ус ашиглаж байгаагийн 50 гаруй хувийг газрын доорх усаар хангаж байна. Ус хэрэглэгчдийн хэтийн төлөвөөс харахад 2030 онд ус хэрэглээ 3-4 дахин нэмэгдэхээр төлөвтэй байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.

Түүнчлэн амьтны тархац нөөцийн судалгааг цаашид улсын хэмжээнд үе шаттай, тогтсон давтамжтайгаар хийж, нөөцийг зөв тогтоох, зохистой менежмент хэрэгжүүлэх, агнуур зохион байгуулалтын судалгааны явцад хяналт тавих, хэрэгжилтийг жил бүр хянах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв.

Салбарын сайд мэдээлэлдээ, улсын хэмжээнд 2024 оны эхний хагас жилийн байдлаар  уул уурхайн  үйл ажиллагаа явуулж буй 117 аж ахуйн нэгжид  байгаль орчны хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 164 заалт бүхий албан даалгавар өгч, 19 аж ахуйн нэгжид эрх хязгаарлах арга хэмжээ авч, 4 аж ахуйн нэгжид албадлагын арга хэмжээ авхуулахаар шүүхэд шилжүүлсэн байна. Мөн 448.8 сая төгрөгийн торгох шийтгэл, 2.5 тэрбум төгрөгийн байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөр оногдуулж ажилласныг тодотголоо.

Мөн 2024 оны эхний хагас жилийн байдлаар 50.6 сая модыг тарьж, зохих арчилгаа, хамгааллын ажлыг гүйцэтгэж байна. Намрын мод тарих ажлын хүрээнд 60 сая дахь модыг тарихаар төлөвлөн мод тарих ажил үргэлжилж байна. 2021-2024 онд 120 сая мод тарихаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл нь 42.4 хувьтай байна гэлээ.