Сангийн сайдын дуулгасан өөдрөг гурван мэдээ!

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гарагт өглөөний 08.00 цагт эхэлдэг товтой. Харин энэ удаад тогтсон цагтаа болсонгүй. Шалтгаан нь Ерөнхий сайдын зүгээс гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын зарим гишүүдтэй хуралджээ. Үргэлжлүүлэн үдээс хойш Засгийн газрын ээлжит хуралдааныг хийснээр зарим асуудлыг хэлэлцэж баталсан юм. Үүнээс анхаарал татах сэдэв нь Сангийн сайд Б.Жавхлангийн хийсэн мэдээлэл. Он гарснаас хойш валютын нөөцийн орлого багассан, нүүрсний ханш унасан зэргээс эдийн засгийн өсөлт саарсан тухай мэдээлэл зонхилох болсон энэ цаг үед Сангийн сайд өөдрөг гурван мэдээг дуулгасан хэрэг.

Эхнийх нь Монгол Улсын макро эдийн засагт хамаарна. Сайд Б.Жавхлангийн хэлснээр Монгол Улсын макро эдийн засгийн түвшин тогтвортой байна. Улсын төсийн орлого, зарлага хэвийн гэсэн үг. Энэ оны хоёрдугаар сарын төлөвлөгөөгөөр төсвийн орлого 4.2 их наядаар биелснээс гадна санхүүжилтүүд хэвийн яваа аж. Хэдийгээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлт ч 95 хувийн гүйцэтгэлтэй гарсан нь энэ. Үндсэндээ нийт төсвийн 11 хувийг бүрдүүлээд байна. 

Хоёрдахь нь голлох түүхийн эдийн экспортын биет хэмжээ өсөлттэй байгаа учраас валютын нөөц тогтвортой хэмжээнд байгааг Сангийн сайд дуулгалаа. Нүүрсний дундаж үнэ эхний хоёр сарын байдлаар тонн тутамд 78.5 ам.доллар болсон нь 123.4 ам.доллартой харьцуулахад 44.9 ам.доллароор буюу 36 хувиар буурсан нь төсвийн орлого буурахад голлон нөлөөлжээ. Нүүрсний ханш унаж байгаа нь таатай үзүүлэлт биш ч эргээд төсөвт цочрол үүсгэхээр цохилт болох хэмжээнд очоогүй байгаа нь сайн мэдээ. Тоон үзүүлэлтээр эхний хоёр сард нийт 10.5 сая тн нүүрс гаргахаар төлөвлөсөн ч 11.5 сая тн давсан үүний илрэл. 

Зэсийн баяжмал гэхэд 254 мянган тн-ыг гаргахаар төлөвлөснөөс 281 мянга, алтны хувьд 1850 ам.доллараар төсөөлж байсан бол 2900 ам.доллар хүрээд байгаа юм. Дан ганц нүүрсний ханшинд найдаад суух биш алтны экспортод их хэмжээний нөөц боломж бидэнд бий гэсэн үг. Ядаж л алтны нөөцийг 20 тн-ноор нэмэгдүүлэхэд 700 гаруй сая ам.долларыг бүрдүүлэх боломжтой учраас экспортыг нэмэгдүүлж, импортоо Төв банкны мөнгөний бодлоготой уялдуулж, түүнийгээ эрэмбэлж хязгаартай байлгах, богино хугацаанд захиргааны шинжтэй арга хэмжээг авах нь Засгийн газрын гол фокус болох нь. 

Гуравдахь нь 2025 оны төсөвт тодотгол хийх талаар ярихад эрт гэдгийг салбарын сайд мэдэгдлээ. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд тодотгол хийх таван нөхцөлийг тусгасан байдаг. Тэдгээрт орлоготой холбоотой заалт бий. Тэгэхдээ орлого тасарсан эсвэл зардал нэмэгдсэнээс төсвийн алдагдал гурван хувиас давбал тодотгол хийхээр заасан. Гэхдээ 2025 оны төсвийг анх удаагаа алдагдалгүй баталсан. Орлого дутсанаас болж алдагдал үүсэхээс бусдаар эрсдэл нь харьцангуй бага гэсэн үг. Гэхдээ энэ нь тайвшрах шалтгаан биш.

Богино хугацаанд экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулж, Сангийн сайдаар ахлуулахаар болсныг Б.Жавхлан мэдэгдсэн. Олон улсын худалдааны тарифууд өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа энэ үед дотооддоо хариу арга хэмжээ авах нь Ажлын хэсгийн гол зорилго, Б.Жавхлан сайдын хэрэгжүүлж, зангидах стратеги төлөвлөгөөнөөс ийнхүү хамаарах нь.

Г.Эрхэс