С.Мөнхчулуун: Том бүтээн байгуулалт, хамтарсан хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй гишүүд Дундговь аймагт ажиллалаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хаврын чуулганаар хэлэлцэх зарим хууль тогтоомжийн тухай болон Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй уг хуулиар 100 мянгаас дээш хүн амтай аймагт төр хувийн хэвшлийн түншлэлийн ажлыг явуулж болно гэсэн агуулга бүхий заалт нь тухайлбал 46 000 хүн амтай Дундговь аймагт томоохон бүтээн байгуулалт, хамтарсан хөрөнгө оруулалт зэргийг хийж хэрэгжүүлэх эрх зүйн боломжийг хязгаарлаж байгаа аж. Тиймээс Улсын Их Хурал дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цөөн хүн амтай аймаг орон нутгийн хөгжлийг дэмжих эрх зүйн орчныг сайжруулах хүсэлтийг Монгол Улсын Их Хурлын даргад уламжиллаа. Мөн тэрбээр Улсын Их Хурлаар Төрийн албаны шинэчлэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан, төрийн албыг илүү хүртээмжтэй, чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэх үүднээс шалгуур үзүүлэлтийг уян хатан болгох шаардлагатайг тус аймгийн жишээн дээр онцоллоо. Улсын Их Хурлын дарга болон гишүүд аймгийн удирдлагын тавьсан эдгээр асуудалд онцгой анхаарч эрх зүйн шийдлийг боловсруулахад хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.



