Н.Учралын байр суурийг Ерөнхий сайдын бодлого гэж ойлгох хэрэгтэй!
Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомыг 21 улс хуулиар хориглосон
Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг эхлүүлж, төсөл санаачлагчийн илтгэл, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан юм.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал цахим мөрийтэй тоглоом нь залилан, үндэстэн дамнасан мөнгө угаалт тул хуулийн төслийг баталж, асуудлыг яаралтай шийдвэрлэх нь чухал гэв. Мөн сүүлийн гурван жилийн байдлаар 1.3 тэрбум ам.доллар, 2024 онд 578 сая ам.доллар гадагшаа урссан байна гэдгийн цаана энэ хэрийн өр монгол айл өрх, залуучуудад үлдсэн хэрэг. Иймд өртэй үлдэж буй айл өрх, тоглоомын донтолттой болсон залуусын асуудал гэх мэт цахим мөрийтэй тоглоомоос үүдэлтэй үр дагавартай хэрхэн тэмцэх талаар тодруулав.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, “Ази Номхон далайн бүс нутгийн 46 оронд судалгаа хийхэд, 21 улс цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт таавар зэрэг энэ төрлийн үйл ажиллагааг хуулиараа хорьсон байна. Хуулиар хорихоор гүйцэтгэх засаглал, хууль хяналтын болон харилцаа холбооны салбарын байгууллага, технологийн компаниуд хамтарч ажиллах боломж бүрдэж, энэ хэрээр шуурхай арга хэмжээ авдаг тул цахим мөрийтэй тоглоомоос үүдэлтэй нийгэмд үзүүлж буй хор хохирол багасдаг байна. Иймд хуулийн төслийг баталснаар асуудлыг 100 хувь шийдвэрлэж чадахгүй ч, ажиллах боломж бүрдэнэ” хэмээн хариулж байлаа.
Зөвшөөрлийн тухай хуульд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын асуудлыг хөндсөн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс энэ төрлийн тоглоомыг ерөнхий агуулгаараа зөвшөөрсөн гэсэн үг. Зөвшөөрлийн тухай хуулийн үзэл баримтлал нь хуульд хөндөгдөөгүй бол зөвшөөрөгдөнө гэсэн агуулгатай. Тиймээс уг асуудлыг хөндөхгүй бол цахим мөрийтэй тоглоом эрхлэгчид зөвшөөрөл ч авахгүй үйл ажиллагаа явуулах эрх үүсэх байсан. Иймд төсөлд тэрхүү заалтыг хориглохоор тусгах шаардлага үүсэж байгаа юм. Үүний үндсэн дээр Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох эрх үүснэ хэмээн Н.Учрал сайд хариулав. Түүнчлэн Зөвшөөрлийн хуулийн төсөлд ашиг олох зорилгоор цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг хориглож байгаа тул и-спорт зэрэг спортын уралдаан, тоглоомтой төдийлөн хамаарахгүй гэв.




