С.Магнайсүрэн: 9 их наяд 292,1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн

Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Үндэсний Аудитын газраас Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд Төсвийн тухай хуулийн дагуу аудитыг гүйцэтгэж, тухайн оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнг 29 их наяд 670,8 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 30 их наяд 591,1 0 тэрбум төгрөгөөр баталгаажуулсан байна.

Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн өмнөх оноос 29 хувиар өссөн, тайлант онд төлөвлөснөөс 534,5 тэрбум төгрөгөөр тасарсан боловч Үндэсний баялгийн санд 1 их наяд 341,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 30 их наяд 591,1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 35,9 хувиар өссөн нь цалин хөлс 3 их наяд 41 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 2 их наяд 782,6 тэрбум төгрөг, бараа, үйлчилгээний бусад зардал 1 их наяд 430,5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 920,3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 1,2 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарт багтжээ. Засгийн газрын өрийн нэрлэсэн үнээр илэрхийлсэн үлдэгдэл 33 их наяд 399,9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 41,8 хувьтай тэнцэж байгаа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хязгаарт багтаж Засгийн газрын өрийн нийт хэмжээнээс 14 их наяд 195 129,5 тэрбум төгрөгөөр бага байна. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд 27 төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад тухайн онд шинээр хэрэгжих 712, он дамжин хэрэгжих 607, нийт 11 их наяд 579,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1319 төсөл ,арга хэмжээг тайлант онд 3 их наяд 828,6 төг тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр баталснаас гүйцэтгэлээр 62,7 хувийн санхүүжилтийг олгож, хэрэгжүүлж дуусахаар төлөвлөсөн 579 төсөл арга хэмжээний хэрэгжилт 69,0 хувьтай буюу хангалтгүй байна.

Мөн Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сан 61 төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа байгууллагуудын нийт 6832 санхүүгийн тайланг аудитад хамруулжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн тайланд хийсэн аудитаар өөрчлөлтгүй 33, хязгаарлалттай 29, сөрөг нэг дүгнэлт өгсөн бөгөөд Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар нийт 9 их наяд 292,1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тул хязгаарлалттай дүгнэлт өгсөн байна.

Аудитаар Улсын Их Хуралд таван асуудлыг толилуулж, Монгол улсын Ерөнхий сайдад 20, тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдад тав, Сангийн сайдад 18, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад нэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэг, Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны даргад хоёр, Эрүүл мэндийн сайд бөгөөд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даргад нэг, бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарт дөрвөн зөвлөмжийг тус тус хүргүүлсэн байна. Төрийн аудитын байгууллагаас өмнөх жилүүдэд Засгийн газар бүх шатын төсвийн захирагч нарт өгсөн аудитын шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй зөрчил давтагдан гарч байгаа тул Улсын Их Хурлаас аудитын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд дараах асуудлаар Засгийн газарт чиглэл өгч хүргүүлж төсвийн сахилга батыг дээшлүүлэх шаардлагатай байна гэж Ерөнхий аудитор С.Магнайсүрэн дурдлаа.

-Нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангаж байгаа боловч тухайн жилийн Төсвийн тухай хуулийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулахдаа төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилснөөс дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн үр нөлөөг бууруулж, төсвийн тогтвортой байдлын зарчмыг алдагдуулж байгааг анхаарч, цаашид нэгэнт тогтсон бодлогоо баримталж хэрэгжилтийг хангуулах

-Уур уурхайн салбараас хэт хамааралтай төсвийн орлогын бүтцэд оновчтой зохион байгуулалт хийж төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах бодлогын зорилтыг хэрэгжүүлэх

-Төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж батлуулахгүй байх, хуулийн шаардлагын хэрэгжилтийг бүрэн хангах

-Дампуурсан банк, хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчдоос үүссэн авлага барагдуулах ажил зогсонги байдалтай байгаад дүгнэлт хийж, асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг гаргаж, шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авах

-Гадаадын дамжуулан зээлээс олон жилийн насжилттай, хугацаа хэтэрсэн, эргэн төлөлт хийгдээгүй, тооцоо нийлж баталгаажаагүй авлагын асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу үе шаттай шийдвэрлэх

-Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэрэгжүүлэх хөтөлбөр хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоон үзүүлэлтийн зорилтот түвшнийг хангахуйц төсөв батлагдсан боловч зарим хөтөлбөр арга хэмжээ зорилтот түвшинд хүрээгүй хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж үнэлдэггүй байдлыг халж, батлагдсан төсвийг үр ашигтай хэрэгжүүлэх

-Дотоод аудитын эрх зүйн орчин бүрдээгүй, тогтолцоо төлөвшөөгүй, хараат бус байдал хангагдаагүйгээс зөвхөн санхүүгийн хяналт шалгалтыг гүйцэтгэж, засаглалыг сайжруулах, эрсдэлийг удирдах үндсэн чиг үүргийн хэрэгжилт хангалтгүй байгаад анхаарч, энэ чиглэлд бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх

-Аудитын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх нь зөвхөн аудитын зорилт биш, төрийн өмч, санхүү, төсвийн удирдлагыг сайжруулах үндэслэл болохыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн дүгнэж, иймд аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах асуудлыг хууль, бодлогын түвшинд дэмжиж, хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох тогтолцоонд дүн шинжилгээ хийх, төрийн өмч, төсвийн хөрөнгийг үр ашигтай хариуцлагатай удирдах менежментийг төлөвшүүлэх шаардлагатай байна гэсэн юм.