Б.Болороогийн шаардлагыг Ерөнхий сайд хүлээн авчээ

Ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан нөхрийнхөө асуудлын үнэн зөвийг хуулийн байгууллагаар шалгуулахаар иргэн Б.Болороо Сүхбаатарын талбайд суулт хийж эхэлсэн билээ. 12 дахь өдрөө төв талбайд суулт зарлаж, тэмцлийн хэлбэрээ өсгөлөн болгож буйгаа мэдэгдсэн түүнтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр очиж уулзлаа.

Улмаар Б.Болороогийн тавьж байгаа гурван шаардлагыг хүлээн авч, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид үүрэг өгсөн тухайгаа дуулгажээ. Ерөнхий сайд өөрийн биеэр ирж, холбогдох албаныханд үүрэг өгөхөө мэдэгдсэнтэй холбогдуулж тэрбээр тэмцлээ зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Мөн тэрбээр Ерөнхий сайд Б.Болороод эмгэнэл илэрхийлж хоёр шаардлагыг холбогдох хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг ХЗДХ-ийн Ц.Нямдорж сайд болон ЦЕГ-ын С.Баатаржав даргад үүрэг болгов. Асуудлыг шийдэж дуусах хүртэл биеэ бодож, хүйтэн талбайд суулт хийхгүй байхыг Ерөнхий сайд хэллээ. Хэдийгээр хууль байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхах хандлагийн эсрэг тэмцэх ёстойг иргэд Ерөнхий сайдад санууллаа.

 

Сануулахад, иргэн Б.Болороогийн нөхөр ажил үүргээ гүйцэтгэж яваад энэ оны зургадугаар сард харамсалтайгаар амиа алдсан байдаг. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ч нөхрийг нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтуу байсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлт долдугаар сард гарсан юм. Үүнийг эсэргүүцсэн Б.Болороо шүүх эмнэлгийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжилгээ хийж, хэргийн харьяаллыг өөрчилж өгөхийг шаардан энэ 1-нээс Сүхбаатарын талбайд суулт зарлаад байсан билээ.