Эдийн засагч Д.Ганболд Ц.Цэнгэлийг орлоно

Засгийн газрын шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Ганболд өнөөдөр тамгаа гардаж, ажлаа хүлээж авлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нь 1982 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн. Эхнэр, хүүгийн хамт амьдардаг. 2003 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, 2014 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг тус тус төгссөн.

Статистик-эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистр. 2003-2004 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, 2006-2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт, 2015 онд Сангийн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байгаад 2016 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар ажиллаж байсан юм.