П.Баярхүү ажлаа өгчээ

Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр хариуцсан орлогчоор ажиллаж байсан П.Баярхүү ажлаа хүлээлгэн өгчээ. Энэ тухайгаа тэрбээр “Орлогчийн ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч байна. Өнгөрсөн хугацаанд гар нийлэн хамтран ажилласан, дэмжиж тусалсан баг, хамт олон, нийслэлчүүддээ талархаснаа илэрхийлье. Өнгөрсөн хугацаанд бодлогын болоод гүйцэтгэлийн түвшинд олон гацсан ажлуудыг хөдөлгөх, ирээдүйд нийслэлчүүдэд үр өгөөжөө өгөх хэд хэдэн ажлын эхлэл, суурийг тавьж ажиллалаа.

Яармагийн, Сонсголонгийн, Баянзүрхийн, Замын цагдаагийн олон түвшний огтлолцол бүхий гүүрэн гарцуудын ажлыг эхлүүлж, ашиглалтад ороод байна. Төлөвлөгөөний дагуу энэ жилийн 4-р улиралд үлдсэн гүүрэн гарцууд ашиглалтад орно. Харин Налайх-Чойрын 20.9 км зам барих ажилд бэлдэж өнгөрсөн 2 жилийн хугацаанд бүх газар чөлөөлөлтийн ажлуудыг шийдвэрлэж, өнөөдөр замаа тавих суурь нөхцөл, бололцоо бүрэн нээгдээд байна.

Газраа чөлөөлсөн боловч хохирсон иргэдийг юуны өмнө байртай болгох, гацсан, царцсан дахин төлөвлөлтийн барилгын ажлуудыг хөдөлгөх, иргэдийг хохиролгүй болгох тал дээр нэлээдгүй хугацааг зарцуулсаны үр дүнд хэд хэдэн байршлуудын барилгууд ашиглалтад орж, иргэд шинэ орон сууцны түүлхүүрээ гардан авсан.

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин барилгажуулах ажлууд энэ хугацаанд хийгдэж, эхнээсээ /нэхмэлийн шар байрууд г.м/ ашиглалтад орж, иргэд, оршин суугчид өнөөдөр тав тухтай амьдарч байна.

Газар зам чөлөөлөлтийн ажлыг эрчимтэй эхлүүлж, иргэдийн дэмжлэгийг авснаар нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хаасан хашаа, хайс, хаалтыг буулгах, цэгцлэх, зуслангийн бүсэд газар, зам чөлөөлөх ажлыг хийж, гүйцэтгэлээ.

Нийслэлийн болон улсын томоохон эмнэлгүүд ачаалал их байдаг учраас иргэд, үйлчлүүлэгчдэд ая тухтай үйлчлэх нөхцөлийг нь хангах үүднээс гаднах зогсоол, тохижилтуудыг нь нийслэлээс шийдэж өгсөн. Мөн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдэд зориулалтын нисдэг тэрэг буух талбайн ажлыг хийж, тохижуулсан. НИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгчийн хувиар нийслэлчүүдийнхээ санал, бодлыг цаашид хийж хэрэгжүүлэх шинэ удирдлагын багийн ажилд хүргэж ажиллах болно” гэжээ.

Улмаар П.Баярхүү чөлөөлж Б.Отгонсүхийг Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар томилуулахаар НИТХ-ын дарга Р.Дагвад санал хүргүүлснийг Тэргүүлэгчдийн хурлаас дэмжсэн байдаг.