5428 тээврийн хэрэгсэл хулгайн замаар нэвтрэх гэж оролджээ

Улсын онцгой комиссын шийдвэрээр өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдөр улс, хот хоорондын авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан байсныг энэ сарын 03-ны өглөөний 06.00 цагт нээсэн. Зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагаас улс, хот хоорондын чанартай хатуу хучилттай авто зам дагуу нийт 260 байршилд 682 алба  хаагч, 256 албаны автомашинтайгаар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хяналт тавих зорилгоор зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан. Цагдаагийн хяналт шалгалтаар хурд хэтрүүлсэн 179, хүн тээвэр хэтрүүлсэн 102,  хүүхдийг буруу тээвэрлэсэн 50 хүнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудаар шийтгэл оногдуулж, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажилласны үр дүнд орон нутгийн замд хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй.

Замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор энэ сарын 03-ны өглөөний 06.00 цагаас өнөөдөр өглөөний 08.00 цаг хүртэлх хугацаанд нийт 31998 тээврийн хэрэгслээр 108772 иргэн нийслэл хот руу орсон болон гарсан хөдөлгөөн бүртгэгдсэн. Эдгээрээс 20302 тээврийн хэрэгсэлээр 74308 зорчигч нийслэл хот руу орон нутгаас орж ирсэн бөгөөд Улаанбаатар хотоос 11696 тээврийн хэрэгслээр 34464 иргэн орон нутаг руу зорчсон байна.

Хязгаарлалт тогтоосон 10 хоногийн хугацаанд 11809 зорчигч бүхий 5428 тээврийн хэрэгсэл батлагдаагүй зам маршрутаар хязгаарлалтыг нэвтрэх оролдлого гаргасныг илрүүлж буцаах арга хэмжээ авсан. Мөн орон нутагт онцгой комиссоос олгосон албан бичгийг ашиглан хууль бусаар зорчигч тээвэрлэлт хийхээр завдсан зөрчлийг илрүүлж харьяа аймгийн онцгой комисст шилжүүлэн өгч ажилласан.

Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс энэ сарын 03-ны өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн улмаас 23 хүн гэмтэж,  нийслэлд хоёр, орон нутагт долоо хүний амь нас хохирсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 7 зөрчил бүртгэгдсэн.    

Тодруулбал, энэ сарын 23-ны өдрийн 11.00 цагийн үед Өвархангай аймгийн  Өлзийт сумын 1-р багийн нутаг “Баянхошуу” гэх газарт Toyota Prius-10 маркийн автомашин онхолдож жолооч 22 настай М-ийн амь нас хохирчээ. Мөн өдрийн 12.00 цагийн үед Дорнод аймагт MMC-L200 маркийн  автомашины жолооч Э нь ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч хоёр настай эмэгтэй Н-г мөргөж  амь насыг нь хохироосон байна.

Дээрх хүний амь нас хохирсон есөн тохиолдлын дөрвөн нь тээврийн хэрэгсэл замын зэргэлдээх нутаг дэвсгэр буюу хашаа, гудамж зэрэгт хөдөлгөөн эхлэхдээ ардаа байсан явган зорчигчдыг дайрах хэлбэрээр, хоёр тохиолдол нь өвлийн улиралд мотоциклын хөдөлгөөнийг хязгаарласан үед мотоцикл жолоодож яваад жолооч болон зорчигч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Иймд иргэд та бүхэн өөрийн үр хүүхэд, ойр дотны хэн нэгэндээ зам тээврийн ослын хор уршгийн талаар болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох талаар үргэлж анхааруулж байх шаардлагатай байна.