Засгийн газрынхаа шийдвэрийг Үндэсний холбоод нь сөрж эхэллээ

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын ээлжит хуралдаанаар танилцуулга хийсэн.

Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахаар болсосн юм. Тухайлбал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглож, амралт жуулчны баазын үйл ажиллагааг энэ сарын 17-ны өдрөөс долоо хоног хязгаарласан.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс цар тахлын энэ үед аймаг, сумын наадам хийхгүй, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах чиглэл өгсөн юм. Ингэснээр хэмнэгдэх зардлыг цар тахлын хариу арга хэмжээнд зарцуулах аж.

Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоод хамтарсан мэдээлэл өгч байна. Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг улс, аймаг, сум бүрд нэгэн зэрэг зохион байгуулахыг хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Наадмыг нэгэн зэрэг зохиосноор цар тахлын үеийн хэт төвлөрлийг сааруулах боломжтой гэж үндэсний спортын холбоод үзэж аж.

Ийнхүү Үндэсний Их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулж, аймаг, сумын наадам хийхгүй байх Ерөнхий сайдын чиглэлийг үндэсний спортын холбоод нь сөрж мэдэгдэл хийснээр дахин үл ойлголцол үүсгэж эхэллээ.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав: Түр зуурын саад бэрхшээлийг давахад Төрөөс зөв шийдвэр гаргаж бидний хүсэлтийг хүлээн авах байх. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 20 мянга орчим бөх барилддаг. Бүгдээрээ наадамд оролцоно гээд бэлтгэлдээ гарчихсан. Наадмуудыг төвлөрөл үүсгэхгүйгээр нэгэн зэрэг хийх боломжийг судалж үзээсэй. Нийслэлд наадам хийгээд хөдөө орон нутгийн наадамчдын эрхийг ор тас орхиж болохгүй. Эсвэл наадмыг хойшлуулах талаар хэлэлцээсэй гэж хүсэж байна.

ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан: Манай холбоонд 120 мянга гаруй уяач байдаг. Аймаг, сумдын наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрт орон нутгийн уяачид их бухимдаж байна. Нөхцөл байдлыг ойлгож байна. Бид шаардаж байгаа юм биш. Наадам болоход сар гаруйн хугацаа байна. Энэ хугацаанд халдварын нөхцөл байдал буурах хандлага байгаа учраас тухайн цаг үед нь шийдэж өгөөч гэж хүсэж байна. Одоогийн байдлаар 17 аймаг, 167 сумаас наадам тэмдэглэх хүсэлтээ ирүүлсэн.

МҮХХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нямбаяр: Засгийн газар шийдвэрээ эргэн харж бүх наадмыг нэг өдөр тэмдэглэх эсвэл хойшлуулах талаар бодолцож үзэхийг хүсэж байна. Зөвхөн өнгөрсөн жилд 5676 харваач харвасан. Аль болох халдвар хамгааллын дэглэмээ бариад харвах гэсэн боловч Засгийн газрын шийдвэрээр бүх ачаалал нийслэлд төвлөрөх гээд байна. Энэ эрсдэлийг арилгахын тулд бүх аймаг, сумдын наадмыг нэгэн зэрэг хийх хэрэгтэй.

Г.Эрхэс