Д.Амарбаясгалан: МАХН 30 хүртэл хувийн харьцаатай нэгдэх гэрээ хийсэн

МАН-ын XI Бага хурал өнөөдөр эхэлж, Намын 12 дахь даргаар Л.Оюун-Эрдэнийг сонгосон. Хурал маргааш үргэлжилж, удирдах байгууллагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН болон МАХН-ын нэгдэх процесс сонгуулийн өмнөөс эхэлсэн. Энэ хүрээнд намын шат шатны байгууллагад 30 хүртэл хувийн харьцаатай нэгдэн нийлэх тухай гэрээ хэлцэл хийсэн.

Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хуралд Хувьсгалт намд харьяалагдаж байсан журмын нөхөд маань орж ирж, хамтдаа улс төрийн үйл ажиллагаа явуулахаар болж байна. Энэ үйл ажиллагаа маргааш буюу зургадугаар сарын 26-нд үргэлжлэх Бага хурлаар шийдэгдэнэ" гэлээ.