Г.Занданшатар: Төрийн өршөөлийг дааж, нийгэмших учиртайг онцгойлон захья

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан гаргаж буй Өршөөлийн хуулийн эцсийн найруулгыг уншиж, ёсчиллоо. Ингэснээр Өршөөл үзүүлэх хуулийг маргаашнаас хүчин төгөлдөр мөрдөж эхлэх юм. Хамаарах хугацаа нь 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 00.00 цагаас өмнөх хэргүүд багтаж буй. Мөн 2002 онд баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00.00 цагаас өмнө, 2015 онд баталсан Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуульд заасан зарим зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарах аж.

Өршөөлд хамаарагдах хүний гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүний хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгоход энэ хуулийн зохицуулалт оршиж байгааг Хуулийн сайд Х.Нямбаатар онцолсон. Мөн ялаас өршөөн хэлтрүүлэх, эрүүгийн хэргийг өршөөхөд яллагдагч гэмт хэргийн улмаас хохируулсан хохирлоо нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардах гэнэ. Хуулийг эцэслэн баталсан холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар "Өршөөлийн тухай хууль наадмаас өмнө хэрэгжиж эхлэх гэж байна. Төрийн өршөөлийг дааж хуулийг чанд сахиж, нийгэмшиж явах учиртай шүү? гэж энэ хуульд хамрагдах хүмүүст онцгойлон захья" гэдгийг хэлсэн юм.