Л.Оюун-Эрдэнэ: Авлигын индексийг бууруулах комисс байгуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллаж цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг сонсч, үүрэг чиглэл өгчээ.

Мөн Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг хэлсэн байна. Ес хоногийн амралтын энэ өдрүүдэд Засгийн газар амрахгүй ажиллаж байгаа юм. Улмаар ирэх баасан гаригт ээлжит бусаар хуралдаж, цаг үеийн зарим шийдвэрийг гаргахаар болсон байна. Тэдгээрийн нэг нь Авлигын эсрэг комисс байгуулах байх бололтой. Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулах болсон. Тэр дундаа Саяхан Замын-Үүдийн асуудлаас харагдсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм. Замын–Үүдэд Засгийн газар бүрэн эрхт төлөөлөгч томилж, төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөл үүссэн байдал цэгцэлж буй. Харин БНХАУ-ын талаас хилээр гаргах автомашины хязгаарлалтай холбоотой асуудал байна. Энэ талаар мөн Засгийн газар БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.