И.К.Азизов: Монгол, ОХУ-ын харилцаа 100 жилийн ашиг сонирхолд бүрэн нийцдэг

“Монгол-Оросын бизнесийг дэмжих болон ОХУ-аас хөрөнгө оруулалт татах боломж” сэдэвт төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалт боллоо.

Энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов "Манай хоёр улсын хувьд хууль, эрх зүй, улс төрийн хувьд маргаан байхгүй. Монгол-ОХУ-ын харилцааны 100 жил хоёр улсын ашиг сонирхолд бүрэн нийцдэг. Хоёр улсын харилцааны шинэ зууныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улсад айлчилж байгаагаар эхлүүлж байна гэж ойлгосон.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ОХУ-д айлчилж хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дайруулах хэлэлцээ хийсэн. Энэ удаагийн айлчлал 2019 оных шиг үр дүнтэй болоосой. Энэ нь хоёр улсын цаашдын хамтын ажиллагаанд эергээр нөлөөлнө.

Би Ерөнхий сайд таны хэлсэнтэй санал нэг байна. Манай хоёр орон улс төр, хүмүүнлэг, батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжсөн. Харин худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа ихээхэн хоцрогдолтой. Танай улсын худалдаа, эдийн засгийн харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчин сайн. Тэгэхээр хоёр улсын худалдааны эргэлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд ямар саад бэрхшээл байна вэ.

Нэгдүгээрт, хоёр улсын экспорт төстэй учраас зах зээл рүү ижил бараа бүтээгдэхүүн экспортолдог. Дээрээс нь худалдааны баланс алдагдсан. Жил бүр Монгол Улс ОХУ-аас нэг тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортоор авдаг. Гэхдээ Монголоос гарч буй экспорт маш бага. Үүнд та бүхэн анхаарал хандуулаач. Нэн тэргүүнд хилийн бүс нутгийн худалдаа хамтын ажиллагааг идэвхжүүлэх. Энэ бүс нутагт Монгол Улсын худалдан авалтын 70 хувь бий. Тиймээс хоёр улсын Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг идэвхжүүлэх нь чухал байна" гэлээ.

Цаашид хоёр улс эрчим хүчний супер сүлжээ байгуулах төсөл, шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд мартахгүй байх хэрэгтэйг Элчин сайд И.К. Азизов мөн онцолж байсан юм.

Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин, цахилгаан хангамж, автозам шийдэгджээ. Өнөөдрийн байдлаар энэ бүсэд 26.5 тэрбум төгрөгийг 2003-2012 он хүртэл улсын төсвөөс оруулжээ.

Одоогоор 126 аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 63 нь 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд өнгөрсөн хугацаанд 1.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Тус бүсэд 20 аж ахуйн нэгж 60-аад ажлын байр бий болгож, байнгын үйл ажиллагаа явуулдаг. Гаалийн хяналтын нэгдсэн системд холбогдож, цахилгааны асуудлаа бүрэн шийдүүлэх төсөв хэрэгтэй байгааг Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга Х.Балжмаа хэлж байлаа. Харин бизнес эрхлэгчид ОХУ руу бүтээгдэхүүнээ экспортлоход гаалийн татвар 40-45 хувь байдаг. Үүнийг бууруулж өгөх хүсэлт тавьж байсан юм.