Э.Оюунболдын цолыг хурааж, Н.Батсуурь даян аварга боллоо

Шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Eрөнхийлөгчийн зарлигаар улсын аварга Э.Оюунболдын цолыг хураажээ.

Хамгийн сүүлд, 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, барилдах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэж, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимэг олгуулах, түүнд олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон байдаг.

Тодруулбал, Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүх үзсэн юм.

Иймд хариуцагч Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хороо нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 08 дугаар тогтоол гаргаж “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал"-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж дүгнэж байв.

Харин ийнхүү Э.Оюунболдын аварга цолыг хураан авах тухай Ерөнхийлөгчийн зарлиг өнөөдөр гарсан байна.

Зарлиг хүчин төгөлдөр болсноор Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод 9-ийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, Химон Констракшн ХХК, "Увс нуур" бөхийн дэвжээний бөх Монгол Улсын аварга Н.Батсуурь даян аварга, 8-ын даваанд унасан Улсын арслан Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, 7-ийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, 5 даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг тус тус хүртэхээр боллоо.