УИХ-ын дарга “Хүний эрх ба ардчилал” сэдвээр анхны хичээлийг заажээ

УИХ-ын даргын санаачилгаар өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхэний утга учиртай оролцоог дэмжих зорилго бүхий “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийг УИХ-аас анх удаа үндэсний хэмжээнд зохион байгууллаа. Уг сэдвийн хүрээнд Г.Занданшатар дарга хичээл заасан байна.

Улс орны ирээдүй болсон хүүхэд, залуусын төлөөлөлтэй уулзаж, ардчилал, хүний эрхийн боловсролыг хүүхэд ахуй цагаас нь олгох, бүтээлч сэтгэхүйтэй, хүчирхэг монгол хүнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой парламентын боловсрол хөтөлбөрийн анхны хичээлийг зааж байгаадаа баяртай байгаагаа Улсын Их Хурлын дарга хэллээ. Хүний эрхийн талаарх үзэл бодлоо илэрхийлсэн хөтөлбөрийн оролцогчдын видео бичлэгээр түүний хичээл эхэллээ. Хүний эрхийн талаар хүүхдүүдийн хэлж байгаа бүхнийг нийт монголчууд нийгмийн гэрээ болох Үндсэн хуульдаа “Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.

Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” хэмээн тусгасан байдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглэсэн. Энд дурдагдаж буй, монголчуудын байгуулахаар зорьж буй “ардчилсан нийгэм”-ийн талаарх суурь ойлголтыг тэрбээр тайлбарлаж өгсөн юм. Үргэлжлүүлэн тэрбээр хүний эрхийн талаар, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын талаар, Монгол Улсад хүний эрхийг хэрхэн баталгаажуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар хийсэн юм. Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэгт тусгагдсан иргэн бүрийн баталгаатай эдлэх 18 эрхийн талаар нэгбүрчлэн тайлбарлаж, харилцан ярилцав. Хичээлийн төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хүн эрхээ баталгаатай эдлэх ёстой ч, тэрхүү эрх нь өөр нэгний эрхээр хязгаарлагддаг гэдгийг цохон тэмдэглэв. Хүний эрхийн суурь бол бие биенээ хайрлан, хүндэтгэдэг байх гэдгийг тэрбээр сануулж “Нэг нэгнээ, эх дэлхийгээ хайрлаж, хүний эрхийг хүндэтгэе” хэмээн уриалаад хүүхэд залууст сурлага, хөдөлмөрийн амжилт хүслээ.