Н.Уртнасан: Жилд дунджаар 100 сая мод тарих ёстой

Монгол, БНСУ-ын хамтарсан "Ногоон хэрэм" төслийн гуравдугаар шатыг ирэх онд эхлүүлнэ. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн захирал Сон Ин Гёнийг хүлээн авч уулзах үеэр ярилцсан юм.
Монгол Улсын цөлжилтийг багасгах, шар шороон шуургатай тэмцэхээр Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийг 2006 оноос хэрэгжүүлж байна.
Төслийн гуравдугаар шатыг хэрэгжүүлэхэд салбарын яамны оролцоог нэмэх, төслийн нэгжийн зардлаар бус, эрдэмтэн судлаачдын гаргасан тооцооллоор хэрэгжүүлэх саналтай байгааг Н.Уртнасан онцлов. Тэрбээр төсөл хэрэгжүүлэх хөтөлбөр, гэрээний заалтад өөрчлөлт оруулах хүсэлтээ илэрхийлсэн юм. Учир нь төслийн бичиг баримтыг боловсруулсан үеийн нөхцөл байдал одоо нэлээн өөрчлөгдсөн. Монгол Улс “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн эхлүүлснээр жилд дунджаар 100 сая мод тарих ёстой. Бид 9,2 сая ширхэг тарьц суулгацын нөөцтэй. Үүнийг 10 дахин нэмэх, мод үржүүлгийн талбайг бүрэн ашиглаж шаардлагатай. Иймд эрдэмтэн судлаачдын тооцоо, бодит байдалд үндэслэн “Мод үржүүлгийн газрын төсөл” боловсруулсныг танилцууллаа.
“Ногоон хэрэм” төслийн захирал Сон Ин Гён “Төсөл хэрэгжиж буй улс орон илүү оролцоотой байхыг дэмжээд, тодорхой санал гаргасанд талархаснаа илэрхийлэв. “Тэрбум мод” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд төслийн төсвийн ихэнх хувийг зарцуулах санал зөв. Энэ удаагийн төслийн зориулалт нь өөр, гэхдээ тодорхой саналыг БНСУ-ын Засгийн газарт гаргах нь зүйтэй. Тавьсан саналыг судалж, хамтран ажиллах боломжтой” гэжээ.


БНСУ-ын санхүүжилтээр хэрэгжиж буй “Ногоон хэрэм” төслийн гуравдугаар шатыг хэрэгжүүлэхдээ ач холбогдол үнэ цэнийг илүү таниулан, санхүүгийн сахилга баттай байж төслийн хөрөнгөөр үр дүнгүй сургалт, их зардалтай томилолт зохион байгуулахгүй бодит ажил болгох ёстой. Төлөвлөгөөний дагуу эхний ээлжид мод үржүүлгийн 5 газар, бортого нийлүүлэх үйлдвэр байгуулах шаардлагатайг сайд Н.Уртнасан онцолсон юм.
Эдгээр ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд БНСУ-ын туршлагад үндэслэн дэмжих, мөн дэвшүүлсэн саналуудыг хэлэлцэн ойрын хугацаанд хамтарсан уулзалтыг дахин зохион байгуулахаар тогтжээ.