Ц.Билэгсайхан: Нислэг бүрээр нь сэжигтэй тохиолдлуудыг тандаж бүртгэж байна

Шадар сайд С.Амарсайхан Чингис хаан олон улсын нисэх буудалд ажиллаж, Эрүүл мэндийн яамнны шуурхай багийн ажлын явцтай танилцжээ.

Улмаар коронавирусийн шинэ мутаци болох Омикрон хувилбарын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК-оос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг шалгахын зэрэгцээгээр шинжилгээний хариуг удаахгүй гаргах, зорчигчдийг чирэгдүүлэхгүй байх, шинжилгээ авч байгаа эмч ажилтан нарын хүлээлгийн өрөөг тохижуулах үүргийг холбогдох албаныханд өгсөн байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгсайхан “Арваннэгдүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл нийт 16 нислэг ирсэн бөгөөд нийт 2,061 иргэнд тандалтын зорилгоор PCR  болон түргэвчилсэн шинжилгээ хийсэн. Эдгээрээс зургаан сорьц нь эерэг илэрч, хувилбарын тандалтын шинжилгээгээр нэг альфа, таван дельта байна. Хувилбарын тандалтыг NGS машин болон PCR  шинжилгээгээр хийж байгаа. Нислэг бүрээр нь сэжигтэй тохиолдлуудыг тандаж бүртгэж байна. Хувилбарын тандалт хийхэд том дата нийлүүлж, био информатикийн ажил хийдэг учраас долоо хоногийн хугацаа орж байна.

Истанбул, Сөүл, Энэтхэг, Дубайгаас ирсэн зорчигчдын дундаас ихэвчлэн эерэг тохиолдлууд илэрч байна. Бид ирж гаднаас ирж байгаа бүх зорчигчоос түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байгаа. Хүн бүрийн мэдээллийг авч, гарын үсэг зуруулж, гэртээ байх тусгаарлалтын талаар зөвлөгөө мэдээллийг өгөн ажиллаж байна. Иргэдийг гэртээ байх хугацаанд нь дөрөв дэх хоногт нь тогтмол PCR  шинжилгээ авна.

Харин Омикрон хувилбар бүртгэгдсэн улсаас ирж байгаа иргэдийг шууд тусгаарлана. 200-аас дээш хүнтэй нислэг дээр 10 цэгт зэрэг шинжилгээ, тандалтын ажил зохион байгуулж буй бол 100 гаруй хүнтэй нислэгт 7-8 цэг ажиллуулж байна. Чингис хаан олон улсын нисэх буудал дээр эмч нарын амрах өрөөг гаргаж өгсөн. Эмч нар долоо хоногоор ээлж солигдон ажиллаж байна” гэжээ.