Д.Мөнх-Эрдэнэ: Шаардлагагүй зөвшөөрлүүдийг хүчингүй болгоно

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас “Нэг тархи-Нэгдсэн систем” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдөр тус төслийн дэд төсөл болох “Онлайн бизнес төв” төслийг холбогдох албаныханд танилцууллаа.

Авлига, хүнд суртлыг бууруулах, замын түгжрэл, төвлөрлийг сааруулахад мэдээллийн технологийн шийдлийг ашиглах, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх, нийслэлтэй холбоотой тендер, худалдан авах үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох гэсэн үндсэн таван зорилтын хүрээнд “Нэг тархи-Нэгдсэн систем” төсөл нь хэрэгжиж буй. Тэгвэл “Онлайн бизнес төв” дэд төсөл нь нийслэлийн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг ил тод, нээлттэй болгох, авлига, хүнд суртлыг бууруулах, бизнесийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх систем юм.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Төрийн үйлчилгээг ухаалаг, иргэдэд ээлтэй хүргэх зорилтын хүрээнд хоёр шатны ажил явагдаж байгаа. Нэгдүгээрт, төрийн үйлчилгээг цахимжуулах ажил. Үүнд “Онлайн бизнес төв” төсөл ч багтаж байгаа юм. Хоёрдугаарт, шаардлагагүй зөвшөөрөл, хүнд суртал бий болгож буй захиргааны актуудыг хүчингүй болгох юм. Ажлын хэсгийн зүгээс худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, бизнесийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, саналыг нь сонсож байгаа. Эдгээр саналыг нэгтгэн, холбогдох шийдвэрийн төсөлтэй хамт Хотын даргад танилцуулна” хэмээв.