“Ногоон картын систем”-д нэгдэх асуудлаар зөвлөлджээ

Олон улсын тээвэрлэлтэд үүсэх эрсдэл, хариуцлагыг богино хугацаанд шуурхай шийдэх, тээврийг тасралтгүй үргэлжлүүлэх боломж бүрдүүлэх олон улсын ногоон картын системд нэгдэх талаар зөвлөлдөхөөр Олон улсын авто даатгагчдын зөвлөл цахимаар уулзлаа.

Олон улсын гэрээ, хэлэлцээрийн дүнд Монголын тээвэрчид гадаад орон руу тээвэр хийх боломж бүрдсэн ч шийдэх шаардлагатай олон асуудал байдгийн нэг нь олон улсын автозамын тээврийн даатгал юм. Иймд СЯ, СЗХ, даатгалын байгууллага хамтран олон улсын даатгалын ногоон картын системд нэгдэхээр холбогдох дүрэм, журмыг 2018 оноос судалж, ногоон картын системд нэгдэх хүсэлтээ Олон улсын авто даатгагчдын зөвлөлд өнгөрсөн 8 дугаар сард хүргүүлжээ.

Үүнтэй холбогдуулан цахим уулзалт зохион байгуулж, Монгол Улс хэдийгээр олон улсын даатгалын ногоон картын системийн газарзүйн хамрах бүс нутагт байхгүй ч системийн хүрээнд Монгол Улсын тээврийн хэрэгслийг улс орнуудад саадгүй зорчих нөхцөл бүрдүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Ногоон картын системийг Европын орнуудад 1949 оноос нэвтрүүлэн, үйл ажиллагааг нь НҮБ-ын Европын Эдийн Засгийн Комисс, Олон улсын авто даатгагчдын зөвлөл хариуцаж байна. Одоогоор гишүүн 48 улс бий. Тус систем нь захиргааны саад тотгорыг арилган, хил дамнасан замын хөдөлгөөнийг дэмжих, гадны улсын тээврийн хэрэгслийн гаргасан зам тээврийн ослын хохирогчийг хамгаалах зорилготой. 

Монгол Улс нь НҮБ-ын автозамын тээвэртэй холбоотой олон улсын 7 гэрээ, хэлэлцээрийг баталж, цаашид нэгдэн орох шаардлагатай бусад гэрээ, хэлэлцээрийг судлахад НҮБЕЭЗК-ийн Тогтвортой тээврийн хэлтэстэй хамтран ажиллаж байна.

НҮБ-ын Тогтвортой тээврийн хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд манай улсад 2019 онд ирж, олон улсын автозамын тээврийг хөгжүүлэх, ТИР тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах, аюулгүй байдлыг хангах үүднээс даатгалын ногоон картын систем, тээврийн хэрэгслийн жолоочийн ажил, амралтыг зохицуулах талаарх холбогдох гэрээ, хэлэлцээрт нэгдэх талаар сургалт, семинар зохион байгуулж, эдгээр олон талт гэрээнд Монгол Улсыг нэгдэн орохыг зөвлөжээ.

Монгол Улс одоогоор ОХУ, БНХАУ, Казахстан, Украин, Турк, Беларусь, Киргиз, БНАСАУ, Европын орнуудаас Латви, Унгар, Литва, Словени улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулан тээвэрлэлт хийж байна. Мөн манай улсын гадаад худалдааны эргэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан ЗТХЯ-наас БНПУ, Чех, Гүрж, Словак, Герман, Итали, Австри, Франц, Хорват улстай автотээврийн гадаад харилцааг өргөжүүлэхээр Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар хэлэлцээрийн төсөл солилцож байгааг ЗТХЯ мэдээлэв.

Олон улсын ачаа тээвэрлэлтийг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг 2018 онд байгуулан, Монгол, ОХУ, БНХАУ-ыг дамжин Ази, Европыг холбосон хамгийн дөт замыг нээжээ.