С.Энхболд: Эмнэлгээр зузаан карт авч явах шаардлагагүй боллоо

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас "E-Mongolia" системийн үйл ажиллагаа, цахим засаглалын суурь хуулиудын талаар мэдээлэл хийв. Мэдээллийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах ажлын талаар танилцууллаа.

Тэрбээр "Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажил эрчимтэй яваа. Эхний ээлжид энэ сараас эхлэн эрүүл мэндийн салбарын есөн төрлийн үйлчилгээг “E-Mongolia” системд нэвтрүүллээ. Эрүүл мэндийн яамны харъяа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, “E-Health” програм ашигладаг анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч 136 өрхийн эмнэлгийн үйлчилгээг авах боломжтой болсон. Иргэд, ялангуяа эрүүл мэндийн үйлчилгээ авахаар орон нутгаас нийслэлд ирж байгаа иргэд “E-Mongolia”-гаар дамжуулан дурын эмнэлгийн, хүссэн амбулатори, эмчид үзүүлэх цаг авах боломжийг нээсэн. Өнөөдрийн байдлаар 1700 гаруй иргэн “E-Mongolia”-гаар дамжуулан эмнэлэгт цаг авсан байна.

Эмнэлэгт өгсөн шинжилгээний хариугаа “E-Mongolia”-гаас харах боломжтой. Шинжилгээний хариугаа өөрийн биеэр очиж авах шаардлагагүй. Гар утаснаасаа хардаг болсноор цаг хугацаа зардлаа хэмнэх боломжтой. Вакцин болон олон улсын аялал жуулчлалын гэрчилгээг “E-Mongolia”-гаас авч болно. Хамгийн гол нь, эмнэлгийн магадлагаа, эрүүл мэндийн даатгалын лавлагааг “E-Mongolia” системд оруулсан. Эмнэлгээр зузаан карт авч явдаг байсан бол одоо бүх зүйл цахимжсан гэж ойлгож болно. Иргэний эрүүл мэндийн мэдээллийн нууцлалын аюулгүй байдлыг хангах ажил давхар хангасан" гэлээ.