АСЕАН-ы Бангкокийн кино наадамд “Морин хуур” киног танилцуулжээ

Тайландын Соёлын яамнаас жил бүр зохион байгуулдаг АСЕАН-ы Бангкокийн кино наадмаар Монголын кино урлаг, үйлдвэрлэл, нүүдэлчин ахуй соёлыг олон нийтэд танилцуулах зорилгоор богино хэмжээний “Морин хуур” киног анх удаа Тайландын Хаант Улс болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн үзэгчдийн хүртээл болгов.

Бангкок хотын томоохон “Central World” төвийн “SF World Cinema” кино театрт зохион байгуулсан “Морин хуур” киноны арга хэмжээнд Тайландын Соёлын яамны Байнгын нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Ютика Исаранкура болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирж, мөн кино сонирхогчид өргөнөөр оролцлоо.

“Морин хуур” кино нь Монгол орны нүүдэлчин ахуй амьдрал, түүний уламжлал ба орчин үе, мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг харуулсан бүтээл юм. АСЕАН-ы Бангкокийн кино наадмыг 2015 оноос хойш зохион байгуулж буй юм.

Тайландын Кино архивын дэд захирал Кон Ритди “Морин хуур” киноны талаар сэтгэгдлээ хуваалцаж, кино үзвэрийн дараа зохион байгуулсан “Screening and Talk” хэлэлцүүлгийг хөтлөв.

Хэлэлцүүлгийн үеэр Элчин сайд А.Төмөр саяхан батлагдсан “Кино урлагийг дэмжих тухай хууль”-ийн талаар товч танилцуулж, мэдээлэл солилцжээ.

Хэлэлцүүлэгт оролцсон “Sahamongkol Film International Group”-ийн Худалдан авах ажиллагааг хариуцсан захирал Пану Ари, Монгол кино Тайландын хувьд шинэлэг зүйл болж байгаа бөгөөд Монголын уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ Тайландад сонирхуулах өргөн боломж буй талаар онцлов.