Г.Ариунбуян: НОБГ-ын даргад сахилгын шийтгэл ногдуулсан

Онцгой байдлын алба хаагч нас барсан асуудлаар тус газраас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Онцгой байдлын байгууллага Гамшгаас хамгаалах хуулийн хэрэгжилтийг хангуулах, хүн ардын амь нас эрүүл мэндийг хамгаалах үүргийг гүйцэтгэдэг. Алба хаагчдын ажлын онцлог нь шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу уртасгасан цагаар ажиллах зохицуулалттай. Нийслэлийн хэмжээнд угаарын хийн хордлого, гал түймрээс урьдчилан сэргийлэхээр хоёр сарын хугацаанд нөлөөллийн аянг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд Улиастайн уулзвар дээр байрлуулсан самбарыг буулгах явцад манай алба хаагч амь насаа алдсан хэрэг гарсан. Юуны өмнө бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс гэргий болон ар гэрт нь эмгэнэл илэрхийлж, уучлалт гуйж байна.

Хэрэгтэй холбогдуулж, Шадар сайдаас тодорхой үүрэг чиглэл өгсний дагуу хяналт шалгалтыг хийсэн. Холбогдох албан тушаалтныг цагдаагийн байгууллагад хэрэг үүсгэн шалгаж байна. Хариуцлага алдсан зарим албан тушаалтанд захиргааны шугамаар хариуцлага тооцож байна. Тухан үед үүрэг чиглэл өгсөн Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга болон 63 дугаар ангийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, НОБГ-ын даргад сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн тухайн үед хамт ажиллаж байсан албан хаагч нар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учир шалгалтын эцсийн дүгнэлт гарах хүртэл түр түдгэлзүүлээд байна" гэдгийг онцоллоо.