Стандартын бус зодог, шуудаг өмсвөл барилдуулахгүй

МҮБХ-ны удирдлагууд үндэсний бөхийн өмсгөл, хэрэглэл болох малгай, зодог, шуудаг үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, иргэдтэй энэ сарын 20-нд уулзсан байна. 

Биеийн тамир, спортын улсын хорооны боловсруулж буй “Биеийн тамир спортын хувцас хэрэглэлийн стандарт” тогтоох хөтөлбөрт үндэсний бөхийн зодог шуудгийн стандартыг батлуулахтай холбогдуулан дээрх аж ахуй нэгж байгууллагуудаас бусад байгууллага, аж ахуйн нэгжийг 2022 оны нэгдүгээр сарын 6-нд болох дараагийн уулзалтад хүрэлцэн ирэхийг анхааруулжээ.

Нэгдсэн стандартаар өмсгөл, хэрэглэл үйлдвэрлэх хөтөлбөрт хамрагдаагүй үйлдвэрлэгчдэд “Стандартчлал хэмжил зүйн үндэсний төв”-өөс патент олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Мөн тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн стандарт бус зодог шуудагтай бөхчүүдийг бөхийн барилдаанд оролцуулахгүй гэнэ. Батлагдах стандартад заагаагүй хувцас хэрэглэлтэй бөхчүүд одоо өмсөж буй зодог шуудгаа эрх авсан нэр бүхий үйлдвэрлэгчдээр засуулж нэгдсэн стандартын шаардлагад нийцүүлэн барилдаанд оролцох боломжтойг мэдэгджээ.