МХЕГ: Хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс

Баярын үеэр хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн газрыг нягталж, гарал үүсэл нь баталгаатай эсэхийг шалгах хэрэгтэй. Ингэснээр хүүхдийнхээ эрүүл мэндэд үүсч болох болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болохыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхаарууллаа. 

ЭМЯ-аас гаргасан зөвлөмжид насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээг 25 гр гэж заасан байдаг. Гэтэл нэг уут бэлгэнд 430 гр сахар агуулагдаж байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс хүүхдийн бэлгийг сонгоход дараах зүйлсийг анхаарах нь зүй.

Үүнд:

  • Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхой эсэх
  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэх
  • Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх
  • Хүнсийг шинжилгээ, баталгаажуулалтад хамруулсан эсэх
  • Хүүхдэд хэрэглэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүн байгаа эсэх
  • Хүнсний бүтээгдэхүүнийг шошгод тусгасан нөхцөлд хадгалж, худалдаалаагүй бол анхаарах хэрэгтэй.