Эм биобэлдмэлийн улсын байцаагчдыг сэлгэн шилжүүллээ

Эм биобэлдмэлийн улсын байцаагчид Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт шилжжээ.

Тодруулбал, Монгол Улсын  Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 378 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагаас 28 байцаагч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лабораторийн 24, нийт 52 албан хаагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжихээр шийдвэрлэсэн.

2002 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын бүтцэд шилжсэн эмийн хяналт болон лабораторийн чиг үүрэг 20 жилийн дараа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт нэгтгэгдсэн түүхэн өдөр тохиож байна. Өнөөдөр  эм, биобэлдмэлийн улсын байцаагч нарыг хүлээн авч, орон нутгийн байцаагч нартай цахим уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан болон дэд дарга Д.Уранзаяа нар байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, 2021 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаа танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа ярилцан, мэдээлэл солилцлоо.