Б.Пүрэвсүрэн: Сайжруулсан зуухыг хямдралтай үнээр тараах боломжгүй

Даваа гариг бүрийн 10.00 цагт холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг өгдөг. Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлч сайжруулсан түлш хэрэглэсээр байтал яагаад агаарын чанар муудсан талаар асуув. Өнгөрсөн долоо хоногт гэр хороололд хүхэр, азот гэх мэт хорт хийн ялгарал өнгөрсөн оны мөн үеэс өндөр байжээ. 

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Жил бүр агаарын бохирдуулагчийн эх үүсвэрийг тоолдог. 2020 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар нийслэлд стандарт зуухтай айл 52 мянга байсан. Уг нь 2019 онд 104 мянган стандартын зуухтай байсан ч энэ тоо жил бүр 20-30 мянгаар буурдаг. Зарим нь эвдэрсэн, засварт орсон, зарсан гэсэн шалтгаанаар стандарт зуухны хэрэглээ буурч, оронд нь уламжлалт зуух ашиглаж байна. 

Уламжлалт зуухтай айлууд угаарын эрсдэлд илүү их өртдөг. Яг ижил хэмжээний түлш хэрэглэсэн ч стандарт болон уламжлалт зууханд түлшний шатах хугацаа өөр. Стандарт зууханд түлэхэд илүү удаан хугацаанд дулаанаа барьдаг юм. Энэ нь агаарын бохирдлын эхний шалтгаан.

Дараагийнх нь  шилжилт  хөдөлгөөн. Энэ талаар тоон мэдээлэл өгье. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын байдлаар төвийн зургаан дүүргийн гэр хороололд 6500 айл хаягийн шилжилт хийлгэсэн. Мөн 20 мянган айл хаягийн шилжилт хийлгээгүй ч нийслэлд оршин сууж байна. Орон нутгаас шилжин ирэгсэд жилд 75 мянган тонныг нэг жилд ашиглана. Нийслэлд газар олгохгүй байгаа тул эдгээр иргэд айлын хашаанд хамт буудаг болсон.

Агаарын бохирдлыг бууруулаад төр, иргэн хамтран ажиллах шаардлага байна. Иргэд өөрсдөөс хамаарах зүйлийг хийх хэрэгтэй байна. Хуучирсан зуухаа шинэчилсэн айл нийслэлд байхгүй болжээ.

Энэ онд гэр, байшингийн дотоод орчны бохирдол өндөр байгаагаас иргэд угаартаж байна. Айлуудад дахин сайжруулсан зуухыг хямдралтай үнээр тараах боломжгүй. Иймд айлуудад боломжийн үнээр зуух нийлүүлэх эдийн засгийн ямар боломж байна вэ хэмээн судалж байна" гэв.